Булган аймгийн засаг дарга асан Б.Ариун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д "ажилд орох хүсэлт"-ээ намдаа гаргажээ

Булган аймгийн засаг дарга асан Б.Ариун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д "ажилд орох хүсэлт"-ээ намдаа гаргажээ

Засгийн газарт хамтарсан гэх үндэслэлээр МАН, АН, ХҮН намын гишүүдийг яам, тамгын газар, агентлаг, дипломат алба зэрэг бүхий л шатанд албан тушаалд томилох үйл явц үргэлжилсээр байна. Тухайлбал, төрийн өмчит компаниудад менежерийн орон тоог шинээр бий болгож, МАН, АН, ХҮН намын гишүүдийг томилж байгаа. "Эрдэнэт" үйлдвэрт л гэхэд хяналт хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон.  

Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ч мөн менежерийн шинэ гурван орон тоог  бий болгож  МАН-аас "ТV8" телевиз, Сэрүүлэг сониныг үүсгэн байгуулагч, сэтгүүлч С.Баярмөнхийг, АН-аас Ховд аймгийн АН-ын гишүүн Н.Пунцагийг томилоод байна. ХҮН намаас мөн нэг хүнийг менежерээр томилох бөгөөд ХАСХОМ-ийг нь АТГ-т хянаж буй учир хараахан ажлаа эхлүүлээгүй байгаа аж.

Мөн Х.Баттулгын гарын хүн гэгддэг П.Нүрзэдийг Улаанбаатар төмөр зам компанийн хяналт хариуцсан менежерээр,  Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан Н.Жавзанпагма гэх эмэгтэйг Эрдэнэс монгол ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр,  АН-ын дарга Л.Гантөмөрийн МҮАН фракцын гишүүн Б.Даваацэрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хяналт хариуцсан менежерээр томилсон. Энэхүү томилгоог АН-ын фракцаар нь хамаатуулж үзвэл Х.Баттулгын хүн гэгдэх П.Нүрзэд, Н.Пунцаг нар Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс тавантолгой гэсэн компаниудад томилогдсон байна. 

Түүнээс гадна Х.Баттулгын хүн гэгддэг Булган аймгийн Засаг дарга асан Б.Ариун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрт ажилд орох хүсэлтээ намдаа гаргачхаад байгаа аж. Түүний нэр ажилд горилж буй горилогчдын жагсаалтад бий талаар АН-ынхан ярьж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.