Энэ оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, 792000 төгрөг болгох шийдвэр гарсан билээ. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгаа юм. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь иргэдийн амжиргаа, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар эдийн засгийн ухааны доктор, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.
ВИДЕО:
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахь жилдээ 20 хувиар нэмэгдүүлэхээр болоод байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль гэж бий. Энэ хуулийн дагуу инфляци өссөн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ч гэдэг юм уу дөрвөөс таван заалтын хүрээнд нэмэгдүүлдэг.
-Дээрх хуулийн заалтуудын хүрээнд өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл байдал үүссэн байна уу?
Миний хувьд аль нэг байгууллагыг төлөөлөөгүй, хөндлөнгийн шинжээчийн хувиар харахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хэмжээний нөхцөл байдал үүсээгүй буюу шаардлагагүй байсан гэж харж байна.
Тодруулбал, Монгол Улсын эдийн засагт хямрал бий болоогүй энэ нөхцөл байдалд яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байна вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Монгол Улсын эдийн засгийг тэтгэгч хоёр үндсэн уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Нүүрс, зэс хоёр 2024 онд хамгийн боломжийн үнэтэй байлаа. Экспорт ч хангалттай түвшинд байсан. Юу гэх гээд байна гэхээр эдийн засаг савлаагүй, инфляц хэвийн түвшинд байхад яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргав гэдэг нь тун сонирхолтой байгаа юм.
-ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН НЭМЭГДҮҮЛСЭН Ч ХАЛАМЖ АВДАГ, ЯДУУ ИРГЭДИЙН ТОО БУУРААГҮЙ-
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засагт болон нийгэмд ямар эерэг болон сөрөг үр дагавартай вэ?
- Дэлхий нийтэд яагаад ийм хэмжүүр байдаг юм бэ гэдэг асуулт гарна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь гурван чухал асуудлыг шийдвэрлэх зорилттой байдаг. Нэгт, ядуу давхаргын иргэдийг дундаж давхаргад шилжүүлэх. Хоёрт, нийгмийн халамж хүртдэг давхаргыг багасгах буюу халамжийг багасгах. Гуравт, ажилгүй, дундаас доош давхаргын иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болгож, түүгээрээ худалдан авалт хийх, хэрэглээг нь дэмжих замаар эдийн засгаа сэргээх гэсэн гурван чухал үндсэн зорилт бий. Тэгэхээр сүүлийн гурван жилд жил бүр шахам нэмэгдүүлээд эдгээр зорилтууд биелж байна уу гэдэгт бид анхаарах хэрэгтэй.
-Таны бодлоор эдгээр зорилтууд хангагдсан болов уу?
2023 онд 550 мянга, 2024 онд 660 мянга, 2025 онд 792 мянга болох гэж байна. Энэ мэтээр сүүлийн гурван жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шат дараатай нэмэгдүүлсэн. Гэвч ядуу иргэдийн тоо буураагүй. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2022 онд 940 мянга орчим иргэн ядуу байна гэж гарсан. Энэ үзүүлэлт огт буураагүй эсрэгээрээ нэмэгдэж байна. Халамж авдаг иргэдийн тоо буурахгүй байна. 2024 оны байдлаар 2.5 сая иргэн 2.7 их наядын халамж авч байна. Нөгөө талаас, ядуу иргэдийнхээ хэрэглээг дэмжих байдлаар эдийн засгаа дэмжих гэх зорилт дээр тоон мэдээлэл, баримт хэлэхэд хүндрэлтэй.Товчхондоо гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Тэгэхээр дэлхий нийтэд дагадаг гурван чухал зорилт нь биелэхгүй байна гэдгийг дээрх тоо баримтаас харж болох байх.
-ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСНЭЭР АЖ АХУЙН НЭГЖИЙН ЗАРДАЛ ӨСЧ, ИНФЛЯЦИД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ-
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ямар асуудал үүсч болох вэ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр аж ахуйн нэгжийн зардал өсдөг. Аж ахуйн нэгжийн зардал өсөхөөр үнэд нөлөөлдөг. Үнэ өснө гэдэг нь инфляцийг өдөөгч болно гэсэн үг. Нэг жишээ татахад, төмс тарьдаг тариаланчид ярьдаг. 20 мянган төгрөгөөр урьд жилүүдэд ажилчид хөлсөлж аваад төмсөө хураачихдаг байсан бол одоо бүр олдохоо байлаа гэцгээж байна. Өнөөдрийн бидний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чинь цагийн 4715 төгрөг гэхээр 8 цаг ажиллахад 40-50 мянган төгрөг болчихсон байна гэсэн үг. Тэгэхээр 20 биш 50 мянгаар хүн хөлсөлж ажиллуулах шаардлагатай болж байна. Ажил олгогч 20 мянгаар ажилчин хөлсөлж аваад төмсөө 1000 төгрөгөөр зардаг байсан бол 50 мянгаар ажилчин авсан бол 2000 төгрөгөөр зарахаас аргагүй болж байгаа юм. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр инфляци өсч, аж ахуйн нэгжийн зардал өсдөг.
Үүнээс гадна аж ахуйн нэгж, албан байгууллагууд текриттэй байгаа хүнийхээ гурван жилийн нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг.
Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад эхэлсэн. Үүний нэг шалтгаан бол нийгмийн даатгал, татвар шимтгэл. Ингээд бодохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний дарамт учруулж байна. Үүн дээр маш олон эдийн засагчид, аж ахуйн нэгжийн эзэд санал нийлдэг.
-ХУУЛИНД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС ХАРГАЛЗАН АВАХ ТОРГУУЛ, ШИЙТГЭЛИЙН ТУХАЙ ЗААЛТ ОЛОН БИЙ-
-Тэгвэл иргэдийн амьдрал, цалин орлогод хэрхэн нөлөөлдөг вэ?
-Монгол Улсын хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төд нугалсантай тэнцэх торгуул, шийтгэлийн тухай заалт олон байдаг. Тухайлбал, байгаль орчин, бүртгэлийн байгууллага, бүртгэлтэй холбоотой зөрчил гарахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно гэж байгаа. Монголд 14 мянга орчим хяналтын байцаагч бүх яамд дээр байдаг гэсэн тооцоо бий. Түүний 4000 орчим нь цагдаа, хүчний байгууллагатай холбоотой. Цаана нь байгаа 10 орчим мянган хяналтын байцаагч нарын тавьж байгаа торгуулийн хэмжээ өсч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр иргэд дээр ирж байгаа дарамт өсч байгаагийн бас нэг жишээ нь торгуул шийтгэлтэй холбоотой асуудлаас харж болно.
Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр ядуурал буурдаггүй. Яагаад гэхээр ядуу иргэд тодорхой хэмжээний боловсрол, ур чадвар эзэмшиж байж өндөр цалинтай болно гэдэг мотивацийг нь үгүй болгочихдог юм билээ. Өөрийгөө хөгжүүлсэн эсэхээс үл хамаарч надад өндөр цалин өгөх юм чинь гээд өөрийгөө хөгжүүлэхгүй байх боломжтой. Энэ мэтчилэнгээр ухаад үзвэл бид их олон зүйл дээр анхаарах хэрэгтэй юм билээ.
-НЭГ БАЙГУУЛЛАГЫН САНАЛААР ДУРААРАА ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ДҮР ЭСГЭХ НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ АСУУДАЛ-
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ үйлдвэрчний эвлэлийн саналыг харгалзаж шийдвэрлэсэн юм билээ?
Гурван талт хэлэлцээр байгуулдаг байгууллагууд байдаг. Засгийн газрыг төлөөлж Хүүхэд гэр бүл, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гэж бий. Гурван талт байгууллага хэлэлцээр хийгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлдэг юм билээ. Энэ гурван байгууллагын нэг нь нэмэх шаардлагатай байна гэхээр заавал авч хэлэлцдэг. Энэ удаад үйлдвэрчний эвлэлээс санал гаргаж, 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон юм билээ.
-Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллага өнөөдөр ардчилсан орнуудад байдаг юм болов уу?
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага дэлхийд өнөөдөр байдаг. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ судлаачдын баг гаргаж, маш сайн судалж байж шийдвэрлэх хэрэгтэй байна. Үнэхээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Аж ахуйн нэгжид ажилчид нь боломжийн хэмжээний цалин аваад өрхийнх нь амьдрал сайжраад ядуурал нь буурч байна гэх мэтийн статистик судалгаануудыг харж байгаад нэмэх эсэхийг шийдэх ёстой болохоос дураараа нэг байгууллагын хүсэл саналаар ажил хийж байгаа дүр эсгэх нь туйлын байж боломгүй асуудал гэж үзсэн үүднээс би шүүмжлэлтэй хандаж байна.
-2025 ОНЫ ТӨСӨВТ 1 ТОНН НҮҮРСИЙГ 129 ДОЛЛАРААР ТООЦСОН БОЛОВЧ ӨНӨӨДӨР УРД ХӨРШ МАНАЙ НҮҮРСИЙГ 80-90 ДОЛЛАРААР АВЧ БАЙНА-
-Монгол Улсын 2025 оны эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрч чадах болов уу?
Урдах жилүүдийн төсөвтэй харьцуулбал, маш их данхайсан төсөв орж ирсэн. 2021 оны төсөвтэй харьцуулахад бараг 70-80 хувиар нэмэгдсэн байна. Энэ бол дарга нарын хэрэглэдэг мөнгө нь их болж, иргэд аж ахуйн нэгжээс авдаг татвар ихэснэ гэсэн үг. Тэгэхээр аж ахуй эрхлэгчдийн нуруун дээр асар их дарамт ирж байна гэдгийг төсвийн тухай хуулийг уншаад татвар төлөгчдийн үнийн дүнгээс харахад мэдэгдэнэ.
Тухайлбал, орлогын албан татвар сүүлийн гурван жилд 2-3 дахин нэмэгдсэн байна. Хувь хүний орлогын албан татвар 600-700 тэрбумаар нэмэгдэж байна гэх мэтчилэнгээр сүүлийн хоёроос гурван жилийн төсвийг зэрэгцүүлээд харахаар энэ төсөв буруу тийшээ явж байна гэдэг нь харагдана.
Төсвийн 90 хувийг татвар төлөгчдийн мөнгө буюу жинхэнэ ажлын байрыг бий болгодог, өрхийг орлоготой байлгадаг аж ахуйн нэгжээс авдаг. Түүнийгээ буруу зүйлд зарцуулна гэдэг бол байж боломжгүй явдал. Энийг Ерөнхийлөгч хараад хориг тавьсан. Гэтэл Сангийн яам хоёр их наяд төгрөгийг хоёр, гуравхан хоногийн дотор хасаад ороод ирж байна. Хэрвээ хууль нь ажилладаг, зөв нийгэмд байсан бол хоёр их наядыг хасчих боломж байсаар байтал УИХ-д оруулж ирж, 126 гишүүнээр гар өргүүлж батлуулсан бэ гэдэг бол маш том хариуцлагын асуудал сөхөгдөнө. Харамсалтай нь, манайд хариуцлага гэдэг юм байхгүй. Хоёр их наядыг нуугаад шахам оруулж ирчихээд, хасч байна гэдэг бол туйлын том хариуцлагын асуудал. Сангийн сайд шууд автоматаар ажлаасаа халагдах, сангийн яамны төсөвтэй холбоотой бүх дарга цэрэг нар халагдах, ажлаа өгөх ийм хариуцлагын асуудал. Гэтэл бид үүнийг зүгээр нүднийхээ хажуугаар инээгээд өнгөрч байна.
Төсвийн бүрдүүлэлт бол бид уул уурхайн орон учраас манай төсөвт нүүрснээс олох татварын хэмжээ маш чухал байдаг. Гэтэл бид нүүрснийхээ тооцоолол дээр маш том алдаа хийгээд ороод ирсэн. Энийг шүүмжлэх ч хүнгүй болчихож, хэлдэг ч хүнгүй, сонсдог ч хүнгүй болчихсон юм билээ. 1 тонн нүүрсийг 129 доллараар тооцсон. Өнөөдөр урд хөрш манай нүүрсийг 80-90 доллараар авч байна. Бараг авахааргүй болж байна. Энэ яагаад ийм болж байна гэдгийг яагаад судалдаггүй юм. Судлаад үзвэл тийм хүнд асуудал биш. Манай коксжих нүүрсийг хятад аваад гангийн үйлдвэрт хэрэглэдэг. Гэтэл хятадад гурав дахь жилдээ үл хөдлөх хөрөнгийн хямрал явж байна. Өөрөөр хэлбэл, байшин барилга барих үйл явц нь хямралд орчихсон. Засгийн газраас нь хэд хэдэн томоохон тусламж, хүүгүй шахам зээл өгөөд энэ салбараа аврах гээд одоохондоо тодорхойгүй хүнд байдалтай байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нүүрсний үнэ унана шүү гэдэг дохиог бидэнд гурван жил өгч байна.
2024 оны эхний саруудад 120-130 доллар байсан нүүрс жилийн эцсээр 80-90 доллар руу орсон байгаа. Гэтэл бид төсөв дээрээ 129 доллараар 83 сая тонныг авна гээд тооцчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, худлаа зохион бичлэг хийгээд ороод ирсэн гэсэн үг.
Яг бодитоор тооцоо судалгаа хийж байх ёстой Сангийн яам үүн дээр туйлын харамсалтай муу ажилласан гэж би үргэлж хэлдэг. Энэ нь юугаар батлагдах вэ гэхээр, удахгүй долоо юм уу найман сард төсвийн тодотгол хийхээс гарцгүй болно.