УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсчээ.
Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэгвэл цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ.
Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна.
-НАСАНД ХҮРЭГЧДИЙН 40 ХҮРТЭЛХ ХУВЬ НЬ АРХИ, ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ, 36 ХУВЬ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БАЙНА-
Харин насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм. Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлжээ. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 17 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ.