Д.Энхтуяа нь 2022 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу зорчих үедээ Д.Лхамаажавын эзэмшлийн үхрийг мөргөж зам тэврийн осол гаргажээ. Жолооч Д.Энхтуяа нь Д.Лхамаажавт холбогдуулан өөрийн өмчлөлийн автомашинд учирсан хохиролд 9,1 сая төгрөг гаргуулахаар шаардсан.
Харин үхрийн эзэн Д.Лхамаажав нь миний эзэмшлийн тугалтай, нас бие гүйцсэн саалийн үнээг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зам хөндлөн гарч байхад нь өндөр хурдтайгаар мөргөснөөс үхэр үхсэн. Үхсэн үхрийн язралт гэмтлээс үзэхэд хурдаа сааруулах арга хэмжээг аваагүй, зам тээврийн ослын улмаас үхсэн үхрийн үнэ 3,1 сая төгрөг, саалийн сүүний олох ёстой байсан орлого 4,2 сая төгрөг, нийт 7,3 сая төгрөгийн хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргалджээ.
Анхан шатны шүүх: Хариуцагч Д.Лхамаажавын малыг хариулдаг О.Ариунаа нь хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх тухай Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, хориглосон бүсэд мал тэжээж, хариулгагүй орхисон гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч талын зөвшөөрсөн үхрийн өртөг 3,1 сая төгрөгийг хангаж, шаардлагын үлдэх хэсгийн хувьд жолоочийн гэм буруу тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч зохигчийн гэм бурууг тогтоохдоо алдаа гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулж, жолооч Д.Цэнд-Аюуш аюултай нөхцөл үүсэх үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах болон зогсоох арга хэмжээ авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, тээврийн хэрэгслийн хурд тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй зэрэг тодорхойгүй байдлууд болон тухайн үйл явдал болох үеийн цаг, цаг агаарын нөхцөл байдал, жолооч Д.Цэнд-Аюуш нь 3-р эгнээгээр зорчиж байсан зэрэг байдлыг хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэвэл хариуцагч талын хариуцах хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэх дүгнэлтийг хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, энэ дүнг 50 хувиар бууруулж, 4,5 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.