АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Орос, Украины дайныг дуусгаж, “Америкийн алтан үе”-ийг эхлүүлэхээ амлав

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Орос, Украины дайныг дуусгаж, “Америкийн алтан үе”-ийг эхлүүлэхээ амлав

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Даналд Трамын тангараг өргөх ёслол Монголын цагаар урд шөнө 24:00 цагт Конгрессын танхимд боллоо.

-АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЖ, ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР ОРОЛЦЛОО-

Түүний тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол улсаа төлөөлж, манай улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр оролцсон. Мөн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус улсын үе үеийн Ерөнхийлөгч, дээд шүүхийн шүүгчид, Конгрессын гишүүд болон албаны бусад өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн АНУ-ын томоохон компаниудын захирлууд болох Марк Зукерберг, Жефф Бозес, Элон Маск, Тим Күүк, Сундар Пичай нар оролцов. Тэрбээр тангараг өргөх ёслолоо “Америкийг дахин агуу болгох он жилүүд эхэлж байна” хэмээн хэлсээр эхэлсэн юм. Д.Трампын тангараг өргөх ёслолынхоо үеэр хэлэх үг дэлхий нийтийн анхаарлыг татаж буй.

Учир нь геополитикийн хувьд асар эгзэгтэй байгаа энэ цаг үед АНУ-ын шинэ ерөнхийлөгч ямар байр суурь илэрхийлж, ямар шийдвэрүүдийг гаргах нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.

Тэрбээр нэн түрүүнд “Өмнөд хил дээр үндэсний хэмжээнд онц байдал зарлана. Бүх хууль бус нэвтрэх эрхийг нэн даруй зогсооно. Мөн бид олон сая гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг ирсэн газарт нь буцаах үйл явцыг эхлүүлнэ” хэмээн мэдэгдэв. Ингэснээр Мексик болон Америкийн хил чангарч, хоёр орны хооронд зорчих иргэд цөөрч болзошгүй бөгөөд хилийн хяналт шалгалтыг хатуухан хийхээ мэдэгдээд байна.

-ОРОС УКРАИНЫ ДАЙНЫГ ЗОГСООНО ГЭЖ АМЛАСАН Ч УКРАИНЫГ ТОДОРХОЙ ГАЗАР НУТГИЙГ ЧӨЛӨӨЛӨХ САНАЛ ТАВЬЖ МАГАДГҮЙ-

АНУ газрын тос олборлолтыг багасгаж, стратегийн нөөцөө дахин ихэсгэж, Америкийн эрчим хүчийг дэлхий даяар экспортлохоо мэдэгдэв. Ингэснээр улсынхаа эдийн засгийг сэргээх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн хүчирхэг армийг дахин байгуулж, амжилтаа зөвхөн ялсан тулалдаануудаар хэмжих болно гэв.

Тэрбээр мөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Энхийг сахиулагч, нэгтгэгч байх”-аа амлав. Учир нь Орос, Украины дайн, Газын зурваст АНУ ирэх дөрвөн жил ямар бодлого баримталж, төлөвлөж буй нь сонин байлаа. Улмаар Трамп ОХУ-ын Украины эсрэг хийсэн дайныг зогсооно гэж амласан ч энэ нь Украинд түрэмгийлсэн ОХУ-ын мэдэгдсэн газрын зарим хэсгийг орхихыг Украинаас шаардаж магадгүй байна хэмээн улс төр шинжээчид үзэж байна.

Мөн Байден болон Трампын засаг захиргаа хоёулаа Хамас болон Израилийн хооронд гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулахын төлөө ажиллах аж.

Мөн Трампын мэдэгдэлд дурдсан зүйлийн гол хэсэг нь Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчилж, зарим газар орны нэрийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа хэсэг байв. Үүнийг тэрбээр ихээхэн чухалчлан авч үзэж байгаа боловч улс төр шинжээчид түүний мэдэгдлээс хамгийн хэрэггүй хэсэг байлаа хэмээн дүгнэж байна.

Түүнчлэн Д.Трамп тангараг өргөх ёслолд хэлсэн үгнийхээ төгсгөлд “Сүүлийн жилүүдэд манай үндэстэн асар их хохирол амссан ч бид үүнийг буцаах болно. Бид урьд өмнөхөөсөө илүү агуу болгох болно. Бидний хүч бүх дайныг зогсоож, уур хилэн, хүчирхийлэл, огт тааварлашгүй байсан дэлхийд эв нэгдлийн шинэ сүнсийг авчрах болно” хэмээн хэлж, Америкийн “Алтан үе” одоо эхэлнэ гэж мэдэгдэв. Ийнхүү түүний тангараг өргөх ёслол болж, өнөөдрөөс АНУ шинэ ерөнхийлөгчтэй боллоо. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө