Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр /2025.01.15/ эхэлж байна. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 20 жилийн дараа айлчилж байна. Иймд тус улсын талаар дараах мэдээллийг хүргэж байна.
Бүгд Найрамдах Турк Улс нь Ази, Европ тивийн зааг дээр оршдог, 783,562 км2 газар нутагтай. Хар далай, Газрын дундад тэнгис, Эгийн тэнгис, Мармарын тэнгисээр хүрээлэгдсэн. Хуурай газраар 8 (Грек, Болгар, Гүрж, Армени, Азербайжан, Иран, Ирак, Сири) улстай хиллэдэг.
Улсын хүн ам 2024 оны байдлаар 85.3 сая. Турк үндэстэн хүн амын 70-75 хувь, курдүүд 18 хувь, бусад үндэстэн ястан 7-12 хувь эзэлдэг. Хүн амын 99.8 хувь исламын шашинтай (дийлэнх нь суннит урсгал), үлдсэн 0.2 хувь христосын шашин шүтдэг. Засаг захиргааны 81 аймаг, газар зүйн 7 бүсэд хуваагддаг.
Бага Ази буюу Анатоли нутагт 1299 оноос 1923 он хүртэл 624 жил оршин тогтносон Османы эзэнт гүрэн дэлхийн I дайны дараа задран унаж, түүний суурин дээр 1923 оны 10 дугаар сарын 29-ний өдөр парламентын засаглал бүхий Бүгд Найрамдах Турк Улсыг тунхагласан.
Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч нь тусгаар тогтнолын төлөөх дайны удирдагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататурк юм. Ататурк шинэ Үндсэн хуулийг батлуулж, өрнөдийн болон Европын жишиг бүхий хууль тогтоомжийг боловсруулснаас гадна шашныг төрөөс тусгаарлах, эмэгтэйчүүдийн нүүрний гивлүүрийг халах, араб бичгийг латин үсгээр орлуулах зэрэг эрс шинэчлэлтийн алхмуудыг хэрэгжүүлсэн. Турк Улс нь исламын шашинтай орнуудаас шашныг төрөөс тусгаарласан ганц улс юм.
Одоо үйлчилж буй Үндсэн хуулийг 1982 оны 11 дүгээр сард баталсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Туркийн улс төрийн түүхэнд анх удаа болсон бүх нийтийн сонгуулиар 12 дахь Ерөнхийлөгчөөр Режеп Тайип Эрдоан сонгогдсон. Тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэрэгжиж эхэлсэн “Ерөнхийлөгчийн засаглал”-ын анхны Ерөнхийлөгчөөр 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн сонгуулиар 52.59 хувийн санал авч сонгогдсон. Ээлжит сонгууль 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болж, хоёр дахь шатны санал хураалтаар сонгогчдын 52.18 хувийн саналыг авч, Ерөнхийлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдоод байна.
Туркийн хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний Их Хурал 600 гишүүнтэй, пропорциональ системээр 5 жилийн хугацаатай сонгогддог. Том жижиг 150 гаруй улс төрийн нам бүртгэлтэйгээс нөлөө бүхий 10 орчим том нам голлодог. Парламентын сүүлийн сонгууль 2023 онд болж, эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын тэргүүлсэн эвсэл олонх болсон бөгөөд тус намын дарга нь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан. Шударга ёс, хөгжлийн нам 2002 оноос хойш 6 удаагийн сонгуульд ялж, засгийн эрхийг 22 жил тасралтгүй барьж байна. Бүгд найрамдах ардын нам /CHP нам/ 135 суудалтай бөгөөд гол сөрөг хүчин юм. Шударга ёс, хөгжлийн намын гишүүн Нуман Куртулмуш 2023 оноос Үндэсний Их Хурлын даргаар ажиллаж байна. 2028 онд парламентын ээлжит сонгууль болно.
Турк Улс 1980 оноос чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих зорилтыг тууштай хэрэгжүүлж ирсэн ба эдүгээ эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 17, Европт 6 дугаарт эрэмбэлэгддэг. БНТУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 онд 819,9 тэрбум ам.доллар, 2022 онд 907,1 тэрбум ам.доллар, 2023 онд 1,1 их наяд ам.доллар байв. ДНБ 2024 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар 952 тэрбум 147 сая ам.долларт хүрсэн байна.
Нэг хүнд ногдох ДНБ нэрлэсэн үзүүлэлтээр 2021 онд 9664 ам.доллар, 2022 онд 10,622 ам.доллар, 2023 онд 12,849 ам.доллар байсан бөгөөд 2024 оны жилийн эцэст 15,000 ам.доллар хүрнэ гэсэн хүлээлт байгааг статистикийн байгууллагаас мэдээлдэг .
Туркийн Статистикийн Хүрээлэн (TUIK)-ийн тооцоолсноор 2021 онд инфляц 36.08, 2022 онд 64.27, 2023 онд 64.77 % -тай байв. Bazaar Times Туркийн инфляцын түвшнийг 2024 онд 41,5%, 2025 онд 17,5%, 2026 онд 9,7% байхаар тооцоолсон.
Турк Улсад автомашин, машин механизм, электрон техник хэрэгсэл, оёмол, нэхмэл эдлэл, хүнс, нефть боловсруулах, нефть химийн бүтээгдэхүүн, төмөр, ган үйлдвэрлэл, барилга, аялал жуулчлалын салбар амжилттай хөгжиж байна. Тухайлбал, 2024 онд тус улс 1,3 сая гаруй автомашин үйлдвэрлэсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд эхний 10 дугаарт бичигдсэн. TUIK-аас гаргасан мэдээллээр 2024 оны эцэс гэхэд 61 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 60 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна.
Туркийн агаарын тээврийн гол компани Turkish Airlines 2024 оны 12 дугаар сарын байдлаар зорчигч тээврийн 446 онгоц, карго тээврийн 23 онгоцтой байна. Тус компани Европт тэргүүлэх байр эзэлдэг бөгөөд 120 гаруй оронд 330 чиглэлээр нислэг үйлдэж байна. 2024 онд тус компани 72,2 сая зорчигч тээвэрлэсэн.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 27,1 хувийг аж үйлдвэр, 16,7 хувийг хөдөө аж ахуй, 56,2 хувийг үйлчилгээний салбар эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 24.7 хувь нь ажиллаж байна. Тус улс самар, интоор, чангаанз, инжир, анарын тариалалтаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд тарвас, өргөст хэмх, улаан лооль, чидун жимс, сонгино, чихрийн манжин, тамхи, цай, алимын ургацаар дэлхийд эхний 6, улаан буудай, арвай, хөх тариа, чавга, нимбэг, жүрж, хөвөнгийн тариалалтаар эхний 10 улсад багтдаг. Мах, сүү, ноос, өндөгний үйлдвэрлэл хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг эзэлдэг.
Турк Улс газрын тос, байгалийн хийн дотоодын хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гадаадаас авдаг бөгөөд мөн өөрийн нутгаар дамжин өнгөрч буй хоолойнуудаар гадагш экспортолдог. Тухайлбал, Иракийн Киркук – Туркийн Жэйханы 1876 км, Баку – Тбилиси - Жэйханы 1776 км, Хар далайн эрэг дэх Самсун-аас Газар дундын тэнгисийн эрэг дэх Жэйхан хүртэлх 560 км нефть дамжуулах хоолой, Иран - Туркийн хоорондох 1491 км байгалийн хий дамжуулах хоолой, Азербайжан-Туркийн (Shah Deniz) болон Самсун-Анкарагийн хоорондох байгалийн хий дамжуулах хоолой зэргийг нэрлэж болно.
Турк Улс сүүлийн жилүүдэд Истанбул хотын 3 дахь нисэх буудал (22.1 тэрбум $ өртөгтэй), Босфорын хоолой дээгүүрх 3 дахь гүүр (3 тэрбум $ өртөгтэй), Ази, Европыг холбосон 13.6 км төмөр замыг Босфорын хоолой доогуур тавих (4.5 тэрбум долларын өртөгтэй) том төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн бөгөөд 2013 оноос тус улсад ОХУ-тай хамтарсан Аккуюу атомын цахилгаан станц (22 тэрбум $ өртөгтэй)-ыг барих төслийн ажил үргэлжилж байна.
Туркийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2002-2010 онуудад жилд дунджаар 6.8 хувь өсөж байсан бол дэлхийн эдийн засгийн хямрал, цар тахал, бүс нутагт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, үймээн болон 2023 онд тохиолдсон газар хөдлөлтийн улмаас 2023 онд эдийн засаг нь 5,1 хувийн өсөлттэй гарсан. Тус улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 3,5%, 2025 онд 4,0%, 2026 онд 4,5% байх таамаглалтай.
Туркийн төрийн албан хаагчдын сарын дундаж цалин 2024 оны байдлаар 40000 – 45000 турк лир (1200 орчим ам.доллар), хувийн хэвшил дэх ажилчдын сарын дундаж цалин 20000 – 30000 орчим турк лир (850 орчим ам.доллар) байна. 2024 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар 1 ам.доллар 35,08 орчим лиртэй тэнцэж байна.
Турк Улс 1952 онд Умард Атлантын Цэргийн эвсэл (NATO)-д элссэн. Турк 800,000 орчим цэргийн бие бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ НАТО дотроо АНУ-ын дараа ордог. Сүүлийн жилүүдэд Батлан хамгаалах аж үйлдвэрлэл үсрэнгүй хөгжиж буй бөгөөд тус салбар 2024 онд зэвсгийн худалдаанаас нийт 6 тэрбум ам.долларын орлого олсон гэж судлаачил дүгнэдэг.
Сансрын хиймэл дагуул, 5 дахь үеийн байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, танк, хуягт, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг зэвсэг, техникийг дотооддоо үйлдвэрлэдэг. Өнөөгийн байдлаар Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн 80 хувийг дотоодод үйлдвэрлэж байгаагийн зэрэгцээ төрөл бүрийн зэвсэг, техник, нисгэгчгүй нисэх хэрэгсэл, байлдааны хөлөг онгоцнуудыг Пакистан, Малайз зэрэг дэлхийн 100 гаруй улсад нийлүүлж байна.