Арван настай охин нэг жилийн турш цуглуулсан мөнгөө УОК-д хандивлалаа

Арван настай охин нэг жилийн турш цуглуулсан мөнгөө УОК-д хандивлалаа

Коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн санаачлагаар нэгдэн Засгийн газрын үйл ажиллагаанд болон, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй албан байгууллага, ажилчдад хандив өгсөөр байна.

Өнөөдөр УОК-д “Да хүрээ Трейд” компаний ажилчид 30 сая төгрөг,  Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмад настнуудын үндэсний төв таван сая төгрөг, Нийслэлийн Ерөнхий боловсролын 44-р сургуулийн хамт олон 150 ширхэг амны хаалт, Баянхонгор аймгийн “Даян дуулим”ХК эрсдэлтэй бүсэд ажиллаж буй ажилчдад өөрийн үйлдвэрлэж буй дархлаа дэмжих 1000 ширхэг аарцан бүтээгдэхүүнийг тус тус хандивлалаа.

Мөн “Монгол билиг оюу” сургуулийн тавдугаар ангийн сурагч, арван настай И.Бямбасүрэн охин нэг жилийн хугацаанд цуглуулсан 200300 төгрөгийг хандивлалаа.

Хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авлаа. Тэрээр “Сэтгэлийн хандив өргөж буй Монголын ард түмэндээ Засгийн газар, УОК-ын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний ирүүлсэн хандивыг шаардлагатай албан хаагч, байгууллагуудад хүргэн ажиллах болно. Коронавирус дэлхийн 80 гаруй улсад тархсан байна. Ялангуяа Монголчуудын хамгийн өргөнөөр зорчдог ажилладаг улсуудад хурдацтай тархаж байгаа учир бид тайвширч, сонор сэрэмжээ алдаж болохгүй” гэлээ.