БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь холбогдуулан саатуулах тухай хууль сахиулагчдын хүсэлтийг Сөүлийн шүүх өнөө өглөө хүлээн авчээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрлийг өгсөн тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Сөүлийн баруун дүүргийн шүүх Юн Сог Ёлийг 12 дугаар сарын 3-ны өдөр онц байдал зарлах явдлыг зохион байгуулсан, бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр баривчлах зөвшөөрөл өгсөн байна. Богино хугацаанд үргэлжилсэн онц байдалтай холбогдуулан байцаалт авахаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн гурван зарлан дуудах хуудсыг Юн Сог Ёль үл тоомсорлосны дараа Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газар /CIO/ түүнийг саатуулах зөвшөөрөл хүсжээ. Шүүх Юн Сог Ёлийг мэдүүлэг авч, баривчлахад CIO-д 48 цагийн хугацаа өгсөн байна.

Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын алба цэргийн аюулгүй байдлын үүднээс мөрдөн байцаагчдыг шүүхээс зөвшөөрөгдсөн нэгжлэгийг хийхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Юн Сог Ёлийн ордон руу нэвтрэхийг хориглосон тул CIO шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Хэдийгээр Юн Сог Ёль Ерөнхийлөгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх дархан эрхтэй боловч бослого гаргасан, эх орноосоо урвасан гэх хэрэгт төрийн тэргүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг зөвшөөрдөг. Юн Сог Ёлийн өмгөөлөгч нар CIO-д бослогыг мөрдөн шалгах хууль ёсны эрх мэдэл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд зарчмын хувьд өмнөх засгийн газрын үед өөрчилсөн одоогийн тогтолцооны дагуу цагдаа нар мөрдөн байцаах эрхтэй байна. Тагнуулын ерөнхий газрын дарга О Дун Вун хэлэхдээ, эрэн сурвалжлах шийдвэрээс ялгаатай нь шүүхээс олгосон саатуулах, баривчлах зөвшөөрөлд ерөнхийлөгч хүртэл хуулийн дагуу саад учруулж болохгүй гэв.

12 дугаар сарын 14-нд сөрөг хүчний хяналтад байдаг Үндэсний ассемблей Юн Сог Ёльд импичмент зарлахыг олонхын саналаар дэмжсэний дараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах эсвэл эргүүлэн томилох эсэхийг хэлэлцэж эхлээд байна. Холбогдох шийдвэрийг 12 дугаар сарын 14-нөөс эхлэн 180 хоногийн дотор гаргах ёстой.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө