Засгийн газраас гарсан зарим шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ.
"Монгол Улс болон БНХАУ-ын хил дамнасан бүтээн байгуулалтын талаар 2003 онд яригдаж эхлээд 2009 онд хоёр улсын Засгийн газрын хоорондын уулзалтаар хэлэлцээр байгуулсан. 2014 оны хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл гэрээнд тусгасан гээд багагүй цаг хугацааг алдсан төсөл юм. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр нүүрсний экспорт нэмэгдэх болно. БНХАУ-ын талаас төмөр замын Монголтой холбогдох боомтууд болох Хангимандал, Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтуудыг холбосны дараа үе шаттай хэрэгжинэ. Манай нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ. Цаг хугацаа алдсан энэ төслөөс улбаалж хоёр тал маш их боломжуудыг алдсан. Тодруулбал бидний тооцоолсноор 4-5 тэрбум ам.доллар алдсан.
Бид өнөөдрийн хурлаар зөвхөн чиглэл авлаа. Үүний дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батална. Дараа нь хоёр компанитай гурван талт гэрээ байгуулах ба төмөр замын холболт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван гэрээг байгуулна. Мэдээж үе шаттай явна. Тиймээс гэрээг байгуулахад талууд тохиролцдог. Тэгэхээр БНХАУ-ын талаас тавьж буй саналыг бүх гишүүдэд, хэвлэл мэдээллээр танилцуулсан. Үүнийг тохиролцоо биш Хятадын талын санал гэж харах хэрэгтэй. Тиймээс алдагдсан боломжийг ирээдүйд нөхөх боломж бий. Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллараас давуулах зорилго тавьсан Засгийн газрын хувьд түлхэц болох төсөл гэж харж байна" гэлээ.