Туркийн байлдааны дроныг Сирийн цэргийн хүчнийхэн сөнөөжээ

Туркийн байлдааны дроныг Сирийн цэргийн хүчнийхэн сөнөөжээ

Турк болон Сирийн асуудал улам хурцадмал байдалд ороод байна. Өнгөрсөн ням гаригт Сирийн Идлиб мужид Туркийн арми дроноор агаарын цохилт өгсний улмаас Сирийн засгийн газрын 19 цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Үүний дараа Сирийн Идлиб мужийн баруун хэсгээр нисэж явсан хоёр цэргийн онгоцыг буудан сөнөөсөн.

Туркийн Засгийн газраас Ассадын дэглэмийн цэрэг Идлиб мужид байлдааны ажиллагаа явуулах үеэр Туркийн 34 цэргийн алба хаагч амь үрэгдсэний хариу арга хэмжээ гэж тайлбарлаад байсан.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган хариу арга хэмжээ авахыг зэвсэгт хүчиндээ даалган  "Bayraktar TB2"-г дрон дээр өөрийн гарын үсгийг хүртэл зураад байсан. Харин Сирийн цэргийнхэн тус онгоцыг сөнөөсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Идлиб бол есөн жил үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийн босогчдын мэдэлд үлдсэн сүүлчийн түшиц газар юм. Ассадын дэглэм энэ газар нутгийг босогчдоос чөлөөлөхөөр бүх хүчээ дайчилж байгаа. Харин Турк улс энэ бүс дэх өөрийн талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлийг хамгаалах зорилготой байгаа юм.