БНСУ-д сурдаг 300 гаруй Монгол оюутанд виз сунгалт болон тэтгэлгийн асуудал тулгарч байна

БНСУ-д сурдаг 300 гаруй Монгол оюутанд виз сунгалт болон тэтгэлгийн асуудал тулгарч байна

БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор “Улаанбаатар-Сөүл” чиглэлийн нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцалсан билээ. Тэгвэл энэ хугацааг сунгаж, гуравдугаар сарын 30 болгох саналыг УОК-ын хэд хэдэн гишүүн гаргасан. Хэрэв энэ шийдвэр дэмжигдэн, дахин сунгагдвал амралтаараа ирсэн БНСУ-д сурдаг Монгол оюутнуудын визний асуудлаас эхлээд тэтгэлгээр сурдаг сурагчдад нэлээдгүй асуудал тулгарч байгаа юм.

Учир нь БНСУ-ын их дээд сургуулийн хичээл гуравдугаар сарын 16-аас эхлэн орох бөгөөд хичээлээс хожимдсон оюутнуудад ямар нэгэн чөлөө өгөх, виз сунгах боломжгүй гэжээ. Виз дахин захиалахад цаг хугацаанаас эхлээд мөнгө санхүүгийн хувьд нэлээдгүй хохирол амсах аж. Мөн тэтгэлгээр сурдаг оюутнууд олон удаагийн тас авбал тэтгэлгийг нь цуцлах эрсдэлтэй юм байна. Энэ мэтчилэн виз болон тэтгэлгийн асуудал 300 гаруй Монгол оюутанд тулгараад байна. Бид хэд хэдэн оюутантай холбогдон, тэдний байр суурийг нь сонслоо.

-БНСУ-ЫН НИСЛЭГИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ДАХИН СУНГАВАЛ
СУРГУУЛЬ МААНЬ ХҮЛЭЭН АВАХГҮЙ-

Оюутан Ч.Ариунзаяа “Би Солонгосын “Korea их сургуульд” тэнцэж хэлний бэлтгэлээр сурахаар болсон юм. Хичээл маань гуравдугаар сарын 16-нд эхэлнэ. Би визээ нэгдүгээр сарын 30-ны өдөр авсан. Гэвч манай сургуулийн дотоод журамд виз авсан өдрөөс нэг сарын дотор тус улсад очсон байх ёстой гэж заасан байдаг. Би хоёрдугаар сарын 26-ны өдөр явахаар төлөвлөсөн байсан ч өвчлөл гарсан учир явж чадаагүй. Хэрэв 11-нд явах боломжой бол сургуульдаа очиж болох ч хил хаах хугацаа 30-ныг хүртэл сунгагдвал сургууль хүлээн авахгүй. Дахин виз захиалвал маш их хугацаанаас гадна, мөнгө шаардагдана. Өнөөдөр сургуулиасаа холбогдон асуухад хияээл эхлэх хугацааг хойшлуулахгүй гэж мэдэгдсэн. Би хэнд хандаж, яаж асуудлаа шийдэхээ сайн мэдэхгүй байна” гэсэн юм.

-“ГУРАВДУГААР САРЫН 16-НААС ХОЙШ ИРЦИЙГ МААНЬ
ТАСААР БҮРТГЭНЭ ГЭСЭН”-

Оюутан С.Урангоо “Би 2017 оноос Солонгос улсын “Seoul Tech” сургуульд сурч байгаа. Хоёрдугаар сарын 4-нд амралтаараа Монголд ирж 29-нд буцах байсан ч өвчлөлийн улмаас хилийн хориг тавигдаж, визээ гуравдугаар сарын 3 хүртэл дахин сунгасан. Гэтэл хориг дахин сунгагдаж 11-ний өдөр болсон. Хичээл маань энэ сарын 16-нд орно. 16-нд ирэхгүй бол ирцийг маань тасаар бүртгэнэ гэсэн. Виз дахин захиалбал дахиад л мөнгө, хугацаа алдах болоод байна”.

-ГУРАВДАГЧ ОРНООР ДАМЖИН ОЧИХОД МЭДЭЭЖ САНХҮҮГИЙН
АСУУДАЛ ТУЛГАРНА-

Оюутан А.Энх-Отгон “Солонгосын ЭСЯ-аас Монголын талаас хилээ хаасан тул виз сунгах ямар ч боломжгүй гэсэн. Гуравдагч орноор дамжин очиж болох ч ойрын хоёр хөрш маань БНСУ-тай хилээ хаасан. Бусад улс ч хаасан. Гуравдагч орноор дамжин очиход мэдээж санхүүгийн асуудал тулгарна. Надтай адилхан асуудалтай маш олон хүн байгаа. Сургуулиас маань ямар ч арга байхгүй, яаж ийгээд ир гэсэн хариуг өгсөн. Манай улс өвчлөл гарахаас сэргийлэн Солонгос улстай хилээ хаасан ч Сөүлээс гуравдагч орноор дамжин маш олон иргэн ирж байгаа шүү дээ”

-ЭНЭ ХЭВЭЭРЭЭ ХИЛИЙН ХОРИГ ҮРГЭЛЖИЛБЭЛ  ТЭТГЭЛЭГГҮЙ, СУРГУУЛЬ Ч
ҮГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА-

Оюутан Г.Чойдорж “Би Сөүлийн  “Dungguk University” их сургуульд тэтгэлгээр сурдаг. Надтай адил тэтгэлгээр сурдаг олон оюутан их байгаа. Тэтгэлэгт оюутанд ирц гэдэг маш чухал зүйл. Солонгос улсад гуравдугаар сарын 16-нд их сургуулиудын хичээл эхэлнэ. Харин Монгол улс 11-ныг хүртэл хилээ хаасан байгаа ч сунгагдаж хичээлдээ явах боломжгүй болбол хоёр долоо хоногийн хичээл тасаар бүртгэнэ. Энэ жил би 21 кретид найман хичээл сонгон судалж байгаа. Долоо хоногт нэг хичээл хоёр удаа ордог. Хичээл оролт хоёр цаг байдаг. Тэгэхээр хоёр долоо хоногийн нийт 28 цагийн хичээл тасаар бүртгэгдэх болоод байна. Тэтгэлэгт оюутнууд 14 цагаас бага тастай байх шаардлагатай байдаг. Монголд их сургуулийн нэг жилийн төлбөр 3-4 сая байдаг бол  миний сурч буй сургуулийн хагас семестрийн төлбөр 14 сая.  Нэг жилийн 28 сая төгрөг гэсэн үг. Хэрэв энэ хэвээрээ хилийн хориг үргэлжилбэл  тэтгэлэггүй, сургууль ч үгүй болох эрсдэлд ороод байна”.

-ОЛОН ХҮН СОЛОНГОС РУУ ЯВЪЯ ГЭСЭН ОЮУТНУУДЫГ БУРУУШААЖ БАЙНА.
ГЭХДЭЭ ҮҮНИЙ ЦААНА МАШ ИХ ХӨДӨЛМӨР, САНХҮҮГИЙН АСУУДАЛ
БИДНИЙ АМЬДРАЛ ЯРИГДАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ-

Оюутан Б.Мөнхгэрэл “Би Сөүлийн их сургуульд сурдаг. Энэ жил төгсөх ангийн оюутан. Гэтэл виз сунгалтын асуудлаас болоод төгсөж чадахгүй болоод байна. Мэдээж онцгой байдал гэдгийг ойлгож байгаа. Гэр бүлийнхэн маань ч санаа зовж байгаа. Өвчлөл гарсан улс руу зорчихыг хэн ч хүсэхгүй л дээ. Гэхдээ төгсөж буй оюутан, сургууль солигдож байгаа, визийн ангилал солигдож байгаа хүмүүсийн хувьд ихээхэн цаг хугацаа, мөнгөний алдагдал хүлээх болоод байна.  Бүхэл бүтэн таван жилийн маань хөдөлмөр энд яригдаж байна шүү дээ. Олон хүн Солонгос руу явъя гэсэн оюутнуудыг буруушааж байна. Гэхдээ үүний цаана маш их хөдөлмөр, санхүүгийн асуудал, бидний амьдрал яригдаж байгаа шүү дээ”гэлээ.

БНСУ-ын сургуулиудын зүгээс Монгол улсаас хилээ хаах шийдвэрийг гаргасан тул виз сунгах, оюутнуудад чөлөө өгөх боломжгүй гэж мэдээлсэн байна. Бидэнтэй холбогдсон оюутнууд “Ямар ч аргагүйн улмаас Солонгос руу явах шийдвэрийг гаргаж байна. Түүнээс биш өвчлөл гарсан орон руу хэн ч явахыг хүсэхгүй” гэж байлаа. Юм бүхэн хоёр талтай гэдэг. Хэдийгээр өвчлөл гарсан улстай хилээ хааснаар халдварт өвчлөлөөс сэргийлэх ч үүний цаана олон залуусын эрх ашиг хөндөгдөж байна. Оюутнуудын зүгээс холбогдох байгууллагуудыг шаардлагатай арга хэмжээг авч, зөв гарцыг бий болгохыг хүсч байлаа. Эдгээр таван оюутны цаана эрх ашиг нь яригдаж буй 300 гаруй оюутан байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй биз ээ.