Ерөнхийлөгчийн өмнөөс "мийм" хийсэн иргэнд гомдож, эрүүгийн ялтан болгосон Б.Эрдэнэтулга ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогджээ

Ерөнхийлөгчийн өмнөөс "мийм" хийсэн иргэнд гомдож, эрүүгийн ялтан болгосон Б.Эрдэнэтулга ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогджээ

Одоогоос жил гаруйн өмнө Төрийн ордны зүүн талын хашааг ногоон өнгөөр будсан нь олны шүүмжлэлд өртөж, нэлээдгүй хэл ам дагуулсан. Тиймээс хашааг нэн даруй гантиг чулуугаар тойруулан засварласан байдаг. 

Харин энэ үеэр нэгэн иргэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг ашиглан түүнийг тухайн ногоон хашааны завсраар харж байгаа байдалтайгаар "мийм" буюу зурган эвлүүлэг хийж, цахим сүлжээнд цацсан нь олны анхаарлыг татсан. Улмаар тухайн иргэнийг бусдын нэр төрд халдсан хэмээн хуулийн байгууллагаас шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт зааснаар "худал мэдээлэл тараасан" гэм буруутайд тооцож, 450 мянган төгрөгийн торгох ял оноосон юм. Шүүхийн шийдвэрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин тус хэргийн хохирогч нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бус Б.Э гэх хүн байсан нь тухайн үед нэлээдгүй анхаарал татаж байсан ч энэ талаарх мэдээлэл ил болоогүй.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өмнөөс "мийм" хийсэн иргэнд гомдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Б.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж байсан Б.Эрдэнэтулга байсан аж.

Харин тэрбээр дээрх хэрэг шийдэгдсэнээс хэдхэн сарын дараа буюу  2024 оны хоёрдугаар сарын 08 /2024.02.08/-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн гүйцэтгэх нарийн бичгийн албан тушаалд томилогдсон байна.

Хамгийн хачирхалтай нь, тэрбээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалын танилцуулгадаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж байсан талаараа дурдаагүй байгаа юм. Танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Магадгүй энэ нь түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс гомдож, иргэндээ эрүүгийн хариуцлага хүлээлгэсний "шанд" ирсэн албан тушаал байж болзошгүй учраас энэ талаарх мэдээллээ нууцалж байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Ямартай ч цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэнд Ерөнхийлөгчийн өмнөөс гомдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлсэн Б.Эрдэнэтулга гэгч нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллах болжээ.