Хүннү гүрэн нь Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн, монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлч малчдын анхны төрт улс байсан билээ. Хүннүгийн хот суурин язгууртны орд, өргөөний ул мөр болох 30 гаруй дурсгалт газар, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал болон олон мянган булш оршуулгын дурсгал, 20 орчим хадны зураг бүхий газар, 10 гаруй үйлдвэрлэлийн дурсгал манай улсын нутагт илэрч судлагдсан байдаг.
Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг тал бүрээс нь нотлон харуулж, соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр Ажлын хэсгийнхэн ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга нарт материалаа хүргүүлээд байсан юм. Тэгвэл хүсэлтийн дагуу Дэлхийн өвийн төвөөс тус номинацын материалын эхний төсөлд холбогдох зөвлөмж ирүүлснээр гурав дахь хэлэлцүүлгийг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулжээ.
Хуралдаанаар Дэлхийн өвийн төвөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардагдах засваруудыг хийх, баримтат кино үзэж, номинацын төслийн багийн хийж гүйцэтгэсэн ажилд үнэлэлт өгч, сайжруулах тал дээр гишүүд саналаа хэлсэн байна.Улмаар ирэх оны нэгдүгээр сард багтаан ирүүлсэн зөвлөмжийн дагуу засваруудаа Дэлхийн өвийн төвд хүргүүлэн дахин үнэлгээ хийлгэснээр 2026 онд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх боломж бүрдэх юм.