Шинчонжи сүмийн тэргүүн БНСУ-ын иргэдээс уучлал гуйжээ

Шинчонжи сүмийн тэргүүн БНСУ-ын иргэдээс уучлал гуйжээ

БНСУ-ын Шинчонжи сүмийн цугларлатад очсон хүмүүс коронавирус тараасан гэж нэлээдгүй шүүмжлэлд өртөөд байгаа юм. Харин тус шашины тэргүүлэгч, өөрийгөө дахин төрсөн бурхан хэмээн зарим иргэдэд итгүүлэгч И Ман Хи өчигдөр анх удаа хэвлэлийн хурал хийж, олны өмнө гарсан байна. Түүний хэвлэлийн хурлыг БНСУ-ын Жусан илбо сонинд бичсэн нийтлэлийг Күүкминий Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа орчуулжээ.

БНСУ-ын “ЖУСАН ИЛБО” СОНИНД

"Пак Гынь Хэ ерөнхийлөгчийн нэртэй бугуйн цаг" гартаа зүүсэн И Ман Хи..."хүн сонсголын аппарат"аас эхлээд "эрхий хуруугаа гозойлгох" хүртэл...

Өнөөдөр үдээс хойш 3 цагт Гёнгги мужийн Гапёнд байрлах Шинчонжи сүмийн сургалтын төвийн "Энх тайвны ордон"-ы өмнө Шинчонжи сүмийн Тэргүүн И Ман Хи анх удаа сэтгүүлчдийн өмнө гарч ирэв. Сэтгүүлчидтэй зэрэгцэн 100 гаран иргэн гарч ирэн бужигнаан үүсгэв. Ямар нэгэн асуудал үүсэхээс сэргийлж цагдаагийн хамгаалалт хүртэл гаргажээ.

Үдээс хойш 3 цаг 15 минутад Шинчонжи сүмийн ажилтан "Шинчонжи сүмийн тэргүүн гарч ирнэ" гэж зарламагц Энх тайвны ордны хаалга нээгдэв. Төв хаалганы урд болох хэвлэлийн хуралд оролцоор гарч ирсэн И Ман Хи саарал пиджак болон шар өнгийн зангиа зүүсэн байв. Бас цагаан маск зүүсэн байлаа. Тэр өнгөрсөн 18-ний өдөр Шинчонжи сүмийн итгэгч Солонгос улсын 31 дэхь өвчтөнөөр батлагдсанаас хойш 2 долоо хоногийн дараа хэвлэлийхний өмнө анх удаа гарч буй нь энэ юм.

Тэрээр "Үнэхээр уучлаарай" гэж ам нээв. Тэгээд "Та бүхний өмнө юу гэж уучлал гуйж ярихаа ч мэдэхгүй байна. Бүх ард түмнээсээ уучлал гуйж байна" гэлээ. Мөн "Шинчонжигийхний зориудаар хийсэн ажил биш боловч олон ч хүн халдвартай гарлаа. Хамаг байдгаараа хичээж байгаа боловч зогсоож чадахгүй байна" гэв. Тэрээр "Ард түмнээсээ уучлал гуйж байна" гээд суудлаасаа босож шалан дээр өвдөглөн сууж хоёр ч удаа мөргөв.

И Ман Хиг мөргөж байх зуур түүний гартаа зүүсэн бугуйн цаг нь нүдэнд тусав. Бугуйн цаганд Пак Гынь Хэ экс ерөнхийлөгчийн нэрийг бичсэн "Пак Гынь Хэ" гэсэн сийлбэр болон ерөнхийлөгчийг бэлэгддэг 2 ширхэг галт шувууны дүрс байлаа. Пак Гынь Хэ ерөнхийлөгчийн үед гаргасан түүний нэртэй "Ерөнхийлөгчийн дурсгалын цаг" мөн байв. Хөх ордон ерөнхийлөгчийн арга хэмжээнд уригдсан зочидод бэлэглэхийн тулд металлаар хийлгэсэн эрэгтэй эмэгтэй хоёр төрлийн цаг байдаг.

Өнгөрсөн сарын 19-ний өдөр хуучин бараа зардаг онлайн сайтад энэ цагийг 490,000 воноор зарахаар тавигдаж байсан юм.

Мөн энэ үеэр Шинчонжи сүм болон И Ман Хиг эсэргүүцсэн жагсаал болж байв. Жагсаалд оролцогчид "Луйварчин И Ман Хи", "Миний охиныг буцааж өг" "Амаа тат" гэж орилцгоож байлаа. И Ман Хиг үг хэлж байх үеэр ч гэсэн "Амьдрал сүйрүүлэгч, гэр бүлийг сүйрүүлэгч, луйварчин И Ман Хи", "Ард түмний өмнө нүгэл үйлдэгч" гэж цагаан хоолойгоор бахирч байлаа.

Сонсгол нь муудсан учир хуралд ирсэн сэтгүүлчдийн асуултыг сонсохгүй учир Шинчонжи сүмийхээ ажилтнаар "Хүн сонсголын аппарат" хийлгэж чихэнд нь дахин чангаар дамжуулах сонин үзэгдэл нь жүжиглээд ч байгаам шиг харагдав.

Нэгэн сэтгүүлч "Энх тайвны ордон"-доо хэзээ ирсэн бэ гэсэн асуулт асуухад "Бусдын дээр ажилладаг хүн нэг газар байх боломжгүй. Энд ч байна, тэнд ч явна" гэж хариулав. Гэтэл хажууд нь чихэвч болон сууж байсан эмэгтэй "2 сарын 17-ноос хойш хөдлөөгүй, энд байгаа гэж хэлээрэй" гэж чихэнд нь хэлсэн нь урд байсан микрофонд сонсогдчихов.

Үүнийг сонссон сэтгүүлчид эсэргүүцэхэд И Ман Хи тэргүүн "Дуугүй болцгооё, Дуугүй" гэж дуугаа өнгөрсгөн зангидсан гараараа ширээгээ 2 ч удаа цохив. Тэгээд "Бид бүгд насанд хүрсэн хүмүүс. Ингэвэл дэг журамгүй, замбраагүй байдалд хүрнэ" гэж дүрсхийн уурласан дүр үзүүлэв.

Шинчонжигаас Засгийн газарт өгсөн итгэгчдийн нэрсийн жагсаалтын тухай асууж эхлэхэд хөтлөгч хийж байсан ажилтан нь И тэргүүн одоо орох ёстой, бид хариулья гээд хэвлэлийн хурлыг өндөрлөв. Сэтгүүлчид асуух асуулт байсан боловч И Ман Хи эрхий хуруугаа гозойлгон өөрийн ажилтнаа дагаж Энхтайвны ордон руугаа явж орлоо" гэжээ.