Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.12.11) Бүгд Найрамдах Франц Улс болон Европын Холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Ина Марчюлёните нарыг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгууль, түүний үр дүн, хамтарсан Засгийн газрын талаар танилцуулж, ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээлийг баталгаажуулах улс төрийн тогтвортой байдал бүрдэж, Монгол Улс хөгжил дэвшлийн гараан дээр ирснийг тэмдэглэв. Тэрбээр хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын 2023 онд хэрэгжүүлсэн харилцан айлчлалуудаар хэлэлцэн бататгасан ураны төсөл гэдгийг дурдаж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Улсын Их Хурал Цөмийн энергийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байгаа талаар мэдээлэл өглөө.
Монгол, Францын хамтарсан ураны төсөл зөвхөн хоёр орны эдийн засагт төдийгүй Европын Холбооны улсуудын эрчим хүчний салбарт ихээхэн ач холбогдолтойг Улсын Их Хурлын дэд дарга онцлоод, тус улсуудын Элчин сайд нар дэмжих ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн манай хөрш улсууд буюу ОХУ, БНХАУ тус төслийн талаар нааштай хандлагатай байгааг тэрбээр дурдаж, Улсын Их Хурал төслийн гэрээг энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахаар ажиллаж байгааг танилцуулсан юм.
Элчин сайд Коринн Пэрера да Силва хоёр улсын хамтарсан ураны төсөл бол Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг урагшлуулах, бие даасан байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцолж, хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам эрчимтэй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх үед үндэсний хиймэл дагуулын төслийн төсвийг хойшлуулах болж байгаа ч энэ чухал төсөл хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Монгол-Францын хамтарсан ураны төсөл хэрхэн хэрэгжихийг Европын Холбооны улсуудын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа хэмээн Элчин сайд Ина Марчюлёните дурдаад, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг том гүүр нь энэ төсөл болно гэсэн юм. Мөн тэрбээр ирэх 2025 онд Монгол, Европын бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа танилцуулж, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж бийг тэмдэглэлээ.