Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэж, өнөөдөр /2024.12.11/ шийдвэрээ гаргалаа.
Хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын эрхэлж байсан ажил, албан тушал, холбогдсон хэрэг, үйлдэл оролцоо зэргийг харгалзаж, хооронд нь хамааралгүй байдлаар таван түвшинд ангилж шийдвэрийг танилцууллаа.
- Нэгдүгээрт: Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг,
- Хоёрт: ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг.
- Гуравт: Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүний холбогдсон хэрэг.
- Дөрөвт: Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг.
- Тавт: Зээлдэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд болон бусад хүмүүсийн холбогдсон хэрэг.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын холбогдсон хэрэг дээр гурван асуудал байгаа. "Говийн зам" ХХК, "Бэрэн" ХХК, "Монроуд" ХХК-тай холбоотой. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс тухайн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Мөн Н.Батбаярын холбогдсон "Монроуд" ХХК-тай холбоотой хэргийн талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн. Эдгээр үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзээд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр боллоо.