ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр өнөөдөр /2024.12.11/ томуу томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277 мянга 320 хүн хандаж, тусламж үйлчилгээ авснаас 21367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эндээс эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд ирсэн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог, хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Энэ тооны гол үзүүлэлт нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 10 орчим хувиар илүү байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл, өнгөрсөн онтой харьцуулахад амьсгалын замын цочмог хүнд халдвартай эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо өндөр байна гэсэн үг.
Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 47.1 хувийг, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Өвчлөлийн нөхцөл байдлыг өнгөрсөн долоо хоногийн мэдээтэй харьцуулж хэрахад 8.5 хувиар ихэссэн байна. Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг энэ жил харьцангуй эрт эхлүүлж, томуугийн вакцинжуулалт 9 сараас эхэлж хийгдсэн боловч Улаанбаатар хотод нийт зорилтот бүлгийн 90 хувь нь томуу, томуу төст өвчний вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан байна. Улмаар томуу томуу төст өвчний дэгдэлт 12 сарын сүүлээс хоёрдугаар сар хүртэл нэмэгдсээр байдаг тул өрхийн эмнэлгүүдээр дамжуулан одоо ч гэсэн томуугийн вакцинд хамрагдах боломжтой байгааг дуулгая” гэлээ.
-223 СОРЬЦОД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД 48 СОРЬЦОД БУЮУ 21.5 ХУВЬД НЬ АМЬСГАЛЫН ЗАМЫН СЕНЦТАЛ ВИРУС ИЛЭРЧЭЭ-
ВИДЕО:
Түүнчлэн ХӨСҮТ 12 дугаар сарын тавны өдрийн байдлаар ХӨСҮТ нийт 223 сорьцод шинжилгээ хийхэд 48 сорьцонд буюу 21.5 хувьд нь амьсгалын замын сенцтал вирус, 12 тохиолдол буюу 5.3 хувьд нь томуугийн А хүрээний H1N1 вирус илэрчээ. Харин “Сарс-2, кови-2 вирус шинжилгээнд хамрагдсан 223 сорьцны 11-т нь буюу 4.9 хувьд нь илэрсэн байна. Тэгэхээр илүү анхаарал татаж байгаа нь сенцтал вирусийн тархац илүү байна. Амьсгалын замын цочмог халдвараар өвдсөн бага насны хүүхдийн 190 сорьцонд 15 төрлийн томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийсэн. Ингэхэд 67 сорьцод буюу 64 хувьд ямар нэг вирус илэрсэн. 31 сорьц буюу 45 хувьд нь сенцтал вирусийн халдвар илэрсэн. 12 сорьц буюу 18 хувьд нь улирлын томуугийн А хүрээний H1N1 илэрсэн. 18 сорьцод вирусийн хавсарсан халдвар байсан бөгөөд хоёр тохиолдолд нь сарс, кови-2 тохиолдсон байжээ.