“Монгол Улсын хэмжээнд ажил эрхэлж буй нийт 1-1.1 сая гаруй хүний боловсролын болон ур чадварын түвшин нь дэлхийн хөгжсөн орнуудтай харьцуулбал маш доогуур байна. Харин нөгөө талд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10000 орчим аж ахуйн нэгжүүдэд маань 20.000 орчим ажлын байр нээлттэй байгаа хэдий ч түүндээ тохирсон сайн ур чадвартай ажилтнууд олж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хооронд их том зөрүү гарч ирчихээд байна гэсэн үг. Боловсрол, ур чадварын түвшин ба зах зээлийн эрэлт, шаардлага хоёрын дунд асар том ангал үүсчихээд байна” хэмээн Зангиа.мн платформын захирал Б.Түвшинтулга 2023.08.24-нд ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө ийн онцолж байжээ.
Харин саяхан буюу 2024.12.05-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан саяхан News.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Нэг талд, 70-80 мянган хүн улсын хэмжээнд ажилгүй байгаа мөртлөө нөгөө талд 30-40 мянган ажлын байранд ажиллах хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн ур чадварын хомсдолыг яаж нөхөх вэ” гэдэг асуудлыг хөндсөн байна.
Бас нэг баримт. 2024 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүний хөгжлийн индексийн шинэ тайланг танилцуулахад дэлхийн 193 орноос Монгол Улс 96 дугаарт жагсчээ. Уг индексийг нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэрэгт үндэслэн тооцоолдог байна.
Эдгээр баримтууд бол эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг болох хүмүүн капиталд анхаарал хандуулах цаг болсныг бэлхнээ хэлээд өгч байна.
Тэгвэл хүмүүн капитал гэж юу вэ. Бид яагаад анхаарал хандуулах ёстой вэ?
Нэрт эдийн засагч Адам Смит XVIII зуунд бичихдээ: “ашигтай хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь юуны түрүүнд ажилчны авъяас чадвар, мэргэжлийг дээшлүүлэхээс хамаарах бөгөөд дараа нь түүний ажиллаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайжруулахаас хамаарна” гэжээ. Түүний онолыг Английн эдийн засагч У.Пэтти 1664 онд бичихдээ: “тухайн орны нэр хүнд нь түүний хүн амын тоо, ард түмний авъяас чадвар, хичээнгүй хөдөлмөр дээр тогтдог гээд улс орны үндсэн баялаг нь хөдөлмөрлөх, хийж бүтээх чадавхтай хүмүүс мөн” хэмээсэн байна.
Түүнчлэн, эдийн засагчдын үзэж буйгаар, боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхэд төрүүлэх, түүнийг асрах зэрэг нь хүмүүн капиталыг бий болгож буй үндсэн хэлбэр юм. Боловсрол, мэргэжлийн сургалт нь хүний мэдлэгийн түвшинг дээшлүүлснээр хүмүүн капиталын хэмжээг өсгөдөг. Харин хувь хүний эрүүл мэндийг хамгаалах нь өвчлөлт, нас баралтыг багасгах замаар хүний үр ашигтай амьдралын хугацааг уртасгадаг. Хүүхэд төрүүлж, түүнийг өсгөн бойжуулах нь хүмүүн капиталын нөхөн үйлдвэрлэл аж.
Харин, Дэлхийн банкны мэргэжилтнүүд үндэсний баялгийн талаар өргөн хүрээтэй санал дэвшүүлж, “Үндэсний баялаг бол нөхөн үйлдвэрлэлийн, байгалийн, хүмүүн гэсэн гурван капиталын нийлбэр” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, “хувь хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт” (хүнийг өсгөн бойжуулах, сурч боловсрох, мэргэжил эзэмших, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт зардал)-ыг хүмүүн капиталд төдийгүй үндэсний баялагт нэмж тооцох болжээ.
Хэдийгээр өнөөдөр уул уурхайн салбар Монгол Улсын хөгжлийн тулгуур болж байгаа ч хүний болон институцийн /оюун ухааны/ хөгжил нь улс орны ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч байх учиртай гэж Дэлхийн банкнаас бидэнд удаа дараа зөвлөсөөр байна.
Асуудал юунд байна?
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2021 оны судалгаанаас харахад нийт хүн амын 64 хувь буюу 2.2 сая нь хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна. Үүний 1.2 сая нь ажиллах хүч буюу эдийн засгийн идэвхитэй хүн ам. 1 сая нь тодорхой шалтгаануудын улмаас ажил хийх боломжгүй гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, гэртээ хүүхдээ хардаг, тухайн жил цэрэгт явсан, ажиллах сонирхолгүй, өвчтөн, өндөр настан асарсан, цалин бага, ажил хайгаад олдоогүй зэрэг шалтгаанаас болж хөдөлмөр эрхэлж, эдийн засагт хувь нэмрээ оруулдаггүй гэжээ. Улмаар Монгол Улсад 1.1 сая иргэн ажил хийж, татвар төлж, улсын төсөвт хувь нэмрээ оруулдаг байна.
Монгол Улс хөдөлмөрийн насны хүн амаа ядаж 80 хувь ажилтай орлоготой, эдийн засгийн идэвхтэй хүн амд хувиргаж чадвал ажилгүйдлийн түвшин буурах нь дамжиггүй. Гэтэл үүний оронд халамжийн бодлогоо улам тэлсээр байна.
Төр засгаас өнөөдөр ард иргэдээ “гэдэс цатгалан, мөр бүтэн” байлгаж байгаа нь их юм гэх нь холгүй нөхцөлд амьдруулж байна. Хүний амьд явах, эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах, сурч боловсрох эрх маш ноцтой зөрчигдсөөр байгаа билээ. Ганц жишээ татахад, хүн амын 60 хувь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, эрүүл орчинд амьдрах нөхцөлгүй болжээ. Монголчууд хавдрын өвчлөлийн нас баралтаар дэлхийд тэргүүлэх болсон. Гэтэл хавдрын эмнэлэг нэмж барих ажил хэдэн жилээр гацсан. Ирэх оны төсөвт арай гэж 7.9 тэрбум төгрөг суулгаад байна.
Монгол Улс 2024 онд 70 сая тонн нүүрс экспортолж төсөв тэр хэмжээгээр тэлсэн ч уул уурхайгаас орж ирэх мөнгөний өчүүхэн хэсгийг хуримтлуулж, үлдсэнийг нь улстөрчдөд хуваарилсан. Эдийн засагчид хүмүүн капиталд оруулсан хөрөнгө үр өгөөжөө хэд дахин нугалж өгдөг тухай хэлсээр байхад ажиллах хүчнийг чадавхжуулахад анхаарал хандуулах сөхөөгүй явна. Тийм болохоор өнөөдөр хүмүүн капиталын ур чадвар, үнэ цэнийг өсгөх үүрэг дан ганц аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр оногдоод байна.
Эцэст нь...Иргэн та Монгол Улсын үнэт баялаг
Америк, Солонгос зэрэг өндөр хөгжсөн орнуудад тодорхой хугацаанд нэгэн үеийнхэн шаргуу хөдөлмөрлөж, дараагийн үедээ илүү сайхан нийгэмд амьдрах нөхцлийг бүрдүүлж чадсан түүх бий. Харин монголчууд бидний хувьд яг одоо ажиллаж, амьдарч буй 20-60 насныхан, бидний үеийнхэн хөдөлмөрийн бүтээмжээ нэмж, орлогоо нэмэгдүүлж чадвал дараагийн үедээ илүү сайхан амьдрах боломжийг бүрдүүлж чадна гэдэгт би итгэдэг. Үүний тулд, төр засгийг зүхэж суухаас илүү хүн бүр чадах чинээгээрээ баяжихыг зорьж, илүү их боловсорч, илүү их хөдөлмөрлөх нь чухал юм.