Өмнөд Солонгосын "Шинчонжи" сүмийн удирдагч өвдөг сөгдөн уучлалт гуйжээ

Өмнөд Солонгосын "Шинчонжи" сүмийн удирдагч өвдөг сөгдөн уучлалт гуйжээ

Өмнөд Солонгос улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар эрчимтэй өсөж байгаа нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг “Шинчонжи” христийн сүмтэй холбоотой гэж үзэж байгаа билээ. Хяналт шалгалтын явцад уг сүм нь коронавирусийн голомт болсон Ухань хотод мөн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халдварын оргил үед нэгдүгээр сарын дундуур Ухань хотоос хэдэн арван гишүүн эх орондоо ирсэн байсан нь илэрсэн.

Иймээс сүмийг үндэслэгч Ли Ман Хи-г Сөүл хотын дарга "халдварт өвчинтэй тэмцэх Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж, тоо баримтаа нуун дарагдуулж, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн" хэрэгт буруутган прокурорын газарт өгсөн.

Үүний дараа сүмийн пастор Ли Ман Хи хэвлэлийн хурал зарлаж, Өмнөд Солонгосын ард иргэдээс өвдөг сөгдөн уучлалт гуйсан байна. 89 настай тэрээр “Би өөрийн зүгээс болон сүмийнхээ нийт гишүүдийн өмнөөс хүлцэл өчиж байна. Мэдээж энэ бүхэн санаатай үйлдэл байгаагүй. Ийм олон хүнд халдвар тархана ч гэж төсөөлөөгүй. Бид маш их хичээсэн ч урьдчилан сэргийлж чадсангүй. Засгийн газар халдварт өвчний тархалтын эсрэг маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаж байгаа.

Цаашид халдварын цар хүрээг бууруулахын төлөө эрх баригчидтай хамтран ажиллаж, хүн хүч болон эд материалын дэмжлэг үзүүлэх болно” хэмээн хэлжээ.

Одоогоор тус улсад коронавирусийн 4012 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан нийт иргэдийн дийлэнх хувийг Шинчонжи сүмийн гишүүд эзэлж байгаа юм.

Эх сурвалж:Koreatimes