Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 2024.11.28-ны өдрөөс хийгдэж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар /2024.12.06/ 12.847 хүүхэд хамрагджээ.
Тодруулбал, орон нутагт 8157, Улаанбаатар хотод 4690 хүүхэд хамрагдсан байна. Улсын хэмжээнд 11 настай 78.622 хүүхэд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл, сургуульд суурилсан вакцинжуулалтын хугацаа дууссан ч 11 настнуудын 16 хувь нь хамрагджээ.
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11 настай хүүхдүүдэд хийж эхэлсэн. Уг вакциныг 14 хоног буюу арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл сургуулиудаар дамжуулан хийсэн билээ. Дархлаажуулалтад 2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах бөгөөд сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлсэн юм.