ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 2-7-нд болж байна.
Энэхүү чуулганы энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэлээ. Ингэснээр Монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
Нүүдэлчин Монголчуудын олон мянганы туршид байгаль, цаг уур, ахуй амьдралын хэв маяг, мал сүргийн бүтэц, онцлогтойгоо уялдуулан бүтээж, өвлүүлэн уламжлуулж ирсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийн хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдал болон хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн нэгдмэл байдал, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд оруулж буй ач холбогдол, хувь нэмрийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хороо, Үнэлгээний хороо сайшаан дэмжиж, хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт тус өвийг оруулснаа албан ёсоор ийнхүү батламжиллаа. Ийнхүү Монголчуудын соёлын үнэт зүйлсийн үнэ цэнэ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, баялаг байдал нь улам бүр өргөжин хөгжсөөр байна гэж ССАЖЗЯ мэдээлэв.