Б.Ганхуяг: Энэ сарын 15-наас нүүрсний экспортыг өндөржүүлсэн бэлэн байдал дор эхлүүлнэ

Б.Ганхуяг: Энэ сарын 15-наас нүүрсний экспортыг өндөржүүлсэн бэлэн байдал дор эхлүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, гурван асуудалд тайлбар хийж, хариулт өгөхөөр мэдээлэл хийж байгаа гэдгээ хэлэв. Нэгдүгээрт, энэ онд олгохоор болсон 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой, хоёрдугаарт, цахим сүлжээгээр явж буй компанийн удирдлагуудтай холбоотой гүтгэлийн шинжтэй мэдээлэлд албан ёсны тайлбар хийх, гуравдугаарт, энэ сарын 15-наас нүүрс экспортолж эхлэхэд бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Эхний асуудлын тухайд 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл өгөхөд иргэд маш муу мэдээлэлтэй байна. 1072 хувьцаагаа ч мэдэхгүй иргэн байна. Өнөөдрийн байдлаар “1072 мэдээллийн төв” болон онлайнаар бүртгэж байгаа системүүдээр 80 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байна. 63 мянган иргэн ногдал ашгийн хэмжээгээ шалгасан байна. Шалгасан гэдэг нь бүртгэгдсэн гэсэн үг. Бусад иргэний нарийн мэдээлэл байхгүй байгаа учраас мэргэжлийн байгууллагуудтай хамтарна. Маш их хэмжээний асуултууд иргэдээс ирж байна. Хувьцаа дутсан, бичиг баримтууд дутуу, нас барсан иргэний хувьцааг яах вэ гэх мэт асуултууд байна.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” компани нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл 1.6 сая тонн нүүрс Цагаанхаданд буулгах болон экспортолсон. Нэгдүгээр сарын 24 хүртэл нүүрсний экспортоо тасралтгүй явуулсан байна. БНХАУ-ын Ардын их хурал тухайн жилийнхээ квот тогтоох, төлөвлөгөө баталдаг хурлаа гуравдугаар сард хийдэг. Үүнээс өмнө квот тогтоогоогүй байгаа учраас тухайн улсын нүүрсний импорт, татан авалт жилийн жилд нэгдүгээр сард бага байдаг. Энэ жил экспорт тодорхой хэмжээгээр буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөө тасраад, компанийн орлого хүндэрсэн нөхцөл байдал үүсээгүй байна. Манай компани зүүн Цанхиас 580 мянган тонн нүүрс Цагаанхадан дээр буюу экспортолсон байгаа. Баруун Цанхиас 1.2 сая тонн нүүрс Цагаанхадан дээр буулгасан. Заримыг нь экспортолсон. Мэдээж дэлхий нийтийг хамарсан энэ вирусээс шалтгаалан сул болон давуу талууд компанид гарна. Экспорт буурах, орлого  багасах гэх мэт сул талууд тодорхой байгаа. Гэхдээ эдгээр асуудлыг бид эрсдэлийн төлөвлөгөөгөөрөө даваад гарна. Улсын онцгой комиссоос энэ сарын 15-наас нүүрс экспортлох бэлэн байдлыг ханга гэсэн. Мэдээж өндөржүүлсэн бэлэн байдалд нүүрсний экспортыг хийнэ. Өөрөөр хэлбэл, жолооч нарыг бүрэн шинэжилгээнд хамруулна. Хувцас хэрэглэлийн хувьд шаардлага тавина. Мөн жолооч нар хил нэвтрээд машинаасаа ерөөсөө буухгүй. Цонхоороо бичиг баримтаа өгнө. Тэгээд эрсдэл багатайгаар буюу нүүрсээ буулгаад л шууд буцаж ирнэ. Үүнийг хятадын талтай яриад тохиролцсон.

Гуравдугаарт, компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой гүтгэлгийн шинжтэй асуудлууд цахим сүлжээгээр явж байна. Хорио тавигдсанаас хойш компанийн гүйцэтгэх удирдалгуудаас нэг нь ч хөдөө яваагүй. Өөрөөр хэлбэл, Өмнөговьд очоогүй гэсэн үг. Миний хувьд өөрийн эзэмшлийн портер машин байхгүй. Би бусад хүмүүсийн адил машин, байрныхаа лизингийг төлөөд амьдарч байна. Надад илүү харах шаардлага байхгүй. “Эрдэнэс Тавантолгой”-той би 15 жилийн турш нэр холбогдсон. Миний гэр бүлийн адил үнэ цэнэтэй газар минь бол “Эрдэнэс Тавантолгой”. Нэр хүнд болон ирээдүй. Тийм болохоор олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг тийм зүйл байхгүй. “Эрдэнэс Тавантолой”-гоос хулгай хол байна. Үүний төлөө өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ирсэн бид. Манай компанийн үйл ажиллагаа бол монголын 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэний өмч. Эцэст нь хэлэхэд, надад ямар нэгэн улс төр байхгүй. Би нэр дэвшихгүй. Эхэлсэн төслөө дуусгана” гэсэн юм.