Хараа голын дагуу татмын ойжуулалт хийнэ

Хараа голын дагуу татмын ойжуулалт хийнэ

Хараа голын эрэг дагуу 109 га газарт татмын ойжуулалт хийх тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэдээллээ. Үүнд шаардлагатай санхүүжилтийг нүүрс төрөгчийн зах зээлээс буюу карбон кредитийн арилжааны системээс босгож олгохоор болсон байна.

Ойн газар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Орда Вэлф” компанийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор суманд 1059 га талбайд ойн зурвас байгуулах, Хараа голын эрэг дагуух 102-109 га газарт татмын ойжуулалт хийхэд хамтран ажиллах гурван талт гэрээг байгуулаад байна. Гэрээний дагуу аймгийн захиргаа ойжуулалт хийх газрын асуудлыг шийдэх бол “Орда Вэлф" компани ойжуулалтын санхүүжилтийг хариуцан ажиллах юм.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нөлөөгөөр Хараа голын эрэг дагуух бургасан ой сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтож, мод нь цөөрч байгаа аж. Тиймээс талууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Дархан-2032” хөтөлбөр хэрэгжүүлж Хараа голын эрэг дагуух бургасан ойг сэргээн хамгаалахаар болоод байна.

Нэмж тодруулахад, татмын ойжуулалт гэдэг нь доройтолд өртөөд буй голын эх орчмын татмыг хашаалан хамгаалах, байгалийн амьд хашлага буюу модлог ургамлаар ойн зурвас байгуулахыг хэлдэг байна.

Ингэж ойн зурвас байгуулснаар хөрсний элэгдэл, эвдрэлийг багасгах, үер болох эрсдэлт нөлөөг багасгах, голын усны хэмжээг тогтвортой байлгаж, чанарт сайнаар нөлөөлөх, ойн нөөцийг нэмэгдүүлэх, агаарыг цэвэршүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.