Хотын төвийн төвлөрлийг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт барих ХӨСҮТ-ийн газрын асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан байр сууриа илэрхийлжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, "Шинээр баригдаж буй ХӨСҮТ-ийн газрын зураг төсөл шийдэгдсэн. Улмаар 2025 оны төсөвт эхний ээлжинд 7.9 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр өргөн барьж байгаа. Амьдарч байгаа бүс нутагтаа тусламж үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлсэн бодлогыг явуулах нь чухал гэж харж байгаа. Аливаа асуудлыг шийдэхдээ төвлөрсөн нэг төв байгуулж, түүндээ улс даяараа бөөгнөрч, эмчилгээ үйлчилгээ авдаг тогтолцооноосоо салж аймаг орон нутгуудын хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах ёстой. Энэ тусламж үйлчилгээг үзүүлэх техник тоног төхөөрөмжөөр хангах 45 тэрбум төгрөгийг орон нутагт суулгаж өгсөн. Бид цаашдаа барилга байгууламж худалдаж авахаасаа илүү дүүргийн эмнэлгүүдээ өргөжүүлье гэсэн бодлого баримталж байна. ХӨСҮТ-ийн хашаанд байгаа дөрөвдүгээр эмнэлэг нь хөгжлийн банкны барьцаанд байгаа учир буцааж авах үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа юм. Бид ард иргэдээ яаж хавдар тусгахгүй байх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Мөн эрт илрүүлгийг улс орон даяар хэрхэн, яаж, ямар системтэй хийх вэ гэдгийг анхаарах нь зүйтэй. Түүнчлэн амьдарч буй газартаа тухайн иргэн тусламж үйлчилгээг авдаг болох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Эмнэлэг нэмж барьснаараа хүмүүсийн амь насыг аварна гэдэг ойлголтоосоо салах цаг нь болсон. Тухайн нөхцөл байдлыг сайжруулахыг төдийлөн анхаарахгүй. Харин эмнэлэг нэмж барьж явсаар өнөөдөр иргэдийн эрүүл мэнд сайнгүй байна. Ямар ч төрлийн утаа хүний эрүүл мэндэд хортой. Гэвч утаанаас үүдэн мутаци үүсдэг шинжлэх ухаан байхгүй. Иргэдийнхээ эрүүл мэндийг ярихын тулд эхлээд утаанаасаа салах хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд нийт иргэдийн эрүүл байх боломж нь зургаан хувь гэсэн судалгаа бий. Үүнд бүх хүчин зүйлс нөлөөлж байна" гэлээ.