“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд үргэлжилж байна

“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд үргэлжилж байна

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд “Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд үргэлжилж байна.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар Б.Чимид агсны Үндсэн хуульт ёс, хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүхэн замнал, дурсамж бүтээлийг алдаршуулж, олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл, танилцуулгуудаа хэлэлцүүлэх юм.

Бяраагийн Чимид нь ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад зарчим, голдрилоосоо хазайлгүй, чигч тууштай зүтгэсэн төдийгүй хожим Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд бүхий л үйл хэргээ зориулсан гэдгийг УИХ-ын дарга илтгэлдээ онцолж байв. Түүнчлэн Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуульд тунхагласнаар хүний эрхийг дээдэлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг сахиж, хууль дээдлэх ёсыг улам бүр бататгах нь хүн бүрийн үүрэг гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.