Ч.Чимэдбат: Маргааш аймаг, сумаас нийслэл рүү гарах тээврийн хэрэгслийг тодорхой хязгаартайгаар явуулна

Ч.Чимэдбат: Маргааш аймаг, сумаас нийслэл рүү гарах тээврийн хэрэгслийг тодорхой хязгаартайгаар явуулна

Улсын онцгой комиссын хурлаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр шийдвэрлэсэн. Харин маргаашнаас цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул замын ачааллаас шалтгаалан Улсын онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас цаг тухайд нь хөдөлгөөн зохион байгуулалт дээр шийдвэр гаргаж ажиллах юм байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат мэдээлэл өглөө.

Тэрээр "Маргааш цаг агаарын байдал ширүүсэх төлөвтэй байгаа тул аймаг дүүргээс гарах гэж буй тээврийн хэрэгслийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, цагийн зайтай гаргах арга хэмжээ авна. Тиймээс ачаалал ихтэй энэ үед онц шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхааруулж байна.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр 14 мянган тээврийн хэрэгсэл, 40 гаруй мянган иргэн нийслэлийг зорих тоон судалгаа гарсан. Энэ өдрүүдэд замын ачаалал нэмэгдэнэ. Үүнийг дагаад зам тээврийн осол хэрэг гарах магадлал өндөр учир цагдаагийн алба хаагчид нийт 98 цэгт хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллана" гэлээ.

Мөн замын пост бүр дээр Эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд нэг пост дээр нийт 15-20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар болжээ.  Тэд иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ эрүүл мэндийн үзлэг хийн, асуумж  бөглүүлэх юм байна.