Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна" гэсэн зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Флоренцийн их сургуульд "Монголын соёл судлалын төв"-ийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд нээж байсан бол хоёр дахь төвөө тус Улсын Пармагийн их сургуульд албан ёсоор нээлээ.
Пармагийн Их Сургууль нь 1412 онд байгуулагдсан бөгөөд тус сургуульд байгуулагдсан энэхүү төв нь монгол хэл, соёлын өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. "Монголын соёл судлалын төв" нь Монгол, Италийн Засгийн газар хооронд байгуулсан соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, цаашид хоёр орны соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно.