Улаанбаатар хотын агаарын чанар утааны улмаас эрс муудаж, онц аюултай их бохирдолтой түвшинд хүрээд байна. Гэтэл хотын зарим удирдлагууд утааны хоруу чанар нэмэгдээгүй гэсэн утгатай мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад буй.
Тухайлбал, Хотын даргын орлогч Т.Даваадалай "Нийслэлийн агаар орчны бохирдлын газраас хийсэн шалгалтаар нүүрсний шинж чанар өөрчлөгдөөгүй, стандартын дотор байна гэж гарсан. 12 дугаар сар гарч байгаа гэхэд гадаа дулаахан, утаа бага байна гэж харж байна" гэсэн юм. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн утаа буураагүй" гэж мэдэгджээ.
Тодруулбал, тэрээр "Таван толгой түлш” ХХК-ийн менежент өнөөдрөөс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэр сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж 3750 төгрөгөөр зардаг. Хэрэглэгчдийн тоо нь өнгөрсөн хугацаанд 10 хувиар өссөн байхад үйлдвэрлэлтийн хэмжээ нь 200.000 тонноор ихэссэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэсэн хэдий ч утаа буураагүй ээ. Хотод менежмент нь ирсэн учир бид энэ хулгай, үр ашиггүй зарцуулалттай эвлэрч суухгүй.
Цаашид:
- Түлшний технологийг сайжруулна
- Хүний нөөцийг цомхотгож, чадварлаг цомхон багаар ажиллуулна. Бүтцээр цомхотгосон албан хаагчдыг шилжүүлнэ.
- Хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсэн түлшний хэрэглээг бууруулна.
Эдгээр ажлыг маргаашнаас эхлүүлнэ. Медлинг, шуудай нийлүүлдэг гээд цөөнгүй хүний эрх ашиг хөндөгдөх учраас хотын шийдвэрийг эсэргүүцэх хүн олон гарч ирэх болов уу. Гэсэн ч бид “Утаа шингэрлээ гэж” иргэдээ хуурч суухгүй ээ" гэжээ.