Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсныг мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд хэлж, анхааруулсаар байгаа. Харин төр засгийн зүгээс Улаанбаатарын утааг багасгахын тулд сайжруулсан шахмал түлш, утаа зуух зэрэгт олон их наяд төгрөг зарцуулж байгаа ч үр дүн нь төдийлөн гарахгүй байгаа нь өнөөдрийн утааны түвшин бэлхнээ илтгэнэ.
Тэгвэл Улаанбаатарын утааг багасгахын тулд нийслэлийн төсвийн хөрөнгөөр дахин олон мянган ширхэг "утаагүй" зуух худалдан авахаар болжээ.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр, Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд "Стандартад нийцсэн ахуйн зуух" худалдан авах"-аар тендер зарлажээ. Тус тендерт тодорхойлсноор "Нийслэлийн хэмжээнд ахуйн хэрэглээний зуухны техникийн шаардлагыг хангасан зуухны тоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор тус зуухыг худалдан авахаар болжээ.
Ингэхдээ нийслэлийн төсвийн 28 тэрбум 296 сая төгрөгөөр 32 мянган ширхэг ахуйн зуух худалдан авч, гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдэд тараах аж.
Тухайн зуух нь түлшний үндсэн шаталт явуулах, шаталтад шаардлагатай агаар нэвтрүүлэх, үнс буулгах зориулалтын нүхтэй, галын хотлын доор байрлуулсан түлшний шаталтын дулааны хүчдэлийн тэсвэрлэх чадвар бүхий ширмэн сараалжтай байна. Мөн Түлшний шаталтыг тэтгэхийн тулд бүрэн болон хэсэгчлэн зарцуулах зориулалтаар галын хотолд агаар өгөх зориулалтын хэсэгтэй, тасалгааны, агаар, галын хотолд, тэжээгдэж, түүнд шатсан утааны хий болон галын дөлтэй холилдож дахин шатах боломжтой буюу утааг дахин шатаадаг, давхар шатлалт эсхүл, түүнтэй дүйцсэн байх ёстой аж.
Түүнчлэн нийслэлийн худалдан авах утаагүй зуух нь "ахуйн хэрэглээний дизайн хангасан, найдвартай тасралтгүй ажиллагаатай, ашиглахад хялбар, монгол загвартай, хатуу түлшийг шатааж гаргасан дулааныг монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд халаалт болон хоол бэлтгэх зориулалтаар ашигладаг байх ёстой гэж заажээ. Мөн гэрээ байгуулснаас хойш 30 хоногт багтаан 32 мянган ширхэг зуух нийлүүлж дуусгана гэдгийг тендерийн техникийн тодорхойлолтод тусгасан байна.