Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ, БНСУ, Герман, Япон улсад айлчлах үеэр эдгээр орнууд манайхаас “газрын ховор элемент” авъя, энэ чиглэлд хамтарч ажиллая гэдгээ илэрхийлсэн. Мөн тус саналыг дэлхийн тэрбумтан Элон Маск ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд утасаар ярьж тавьсан.
-ЦАХИЛГААН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ “TESLA” КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ 1 ТРИЛЛОН АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ-
Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Герман улсад 2022 оны аравдугаар сар /2022.10/-д айлчлах үеэр Германы Канцлер Олаф Шольц, “манай улсаас газрын ховор элемент авах хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлж, боловсруулах үйлдвэрлэлийн судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон. Мөн 2023 оны хоёрдугаар сар /2023.02/-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНСУ-д айлчлах үеэр хоёр улс хамтарч “газрын ховор элементийг судлах” төв байгуулахаар болсон. Улмаар Л.Оюун-Эрдэнийг 2023 оны наймдугаар сар /2023.08/-д АНУ-д айлчлал хийх үеэр “Америк, Монгол хоёр улс газрын ховор элементийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэ салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна” гэж Цагаан ордноос мэдэгдсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин 2023 оны зургаадугаар сар /2023.06/-д дэлхийн тэрбумтан, Starlink, Tesla, Twitter компанийн эзэн, үүсгэн байгуулагч Элон Маск Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй утсаар ярьж, “цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох зэс, газрын ховор элементийн нөөцийг ашиглан “Tesla”-гийн цэнэг хураагуурын үйлдвэрийг Монголд байгуулах боломж”-ийн талаар ярилцсан. Энэ талаар Элон Маск өөрийн твиттер хуудастаа, “It was an honor to speak" буюу “тантай ярих нь нэр төрийн хэрэг байлаа” хэмээн мэдэгдэж байв.
It was an honor to speak
— Elon Musk (@elonmusk) June 7, 2023
“Tesla” цахилгааны автомашины үйлдвэр БНХАУ-ын Шанхай хотод 2019 онд ашиглалтад орсон бол 2023 оны дөрөвдүгээр сар /2023.04/-д “Tesla” компани тус хотод “Megapack” нэртэй том хэмжээний эрчим хүчний нөөцлүүр буюу батарейн шинэ үйлдвэр байгуулж буйгаа мэдэгдсэн. “Tesla”-ын үйлдвэрүүд Шанхайд ашиглалтад орж байгаа нь гол түүхий эд болох “газрын ховор элемент”-ээ түшиглэж байна гэж зарим хүмүүс үздэг. Тэгвэл өчигдөр /2024.12.02/ цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 1.08 триллон ам.долларт хүрсэн байна. Энэ ч утгаараа “газрын ховор элемент” нь Монгол Улсын эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалт, геополитик, гуравдагч хөршийн харилцааг цоо шинэ түвшинд гарах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
-ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ-
Алт, зэс, нүүрс зэрэг шиг дангаараа байгаль дээр оршдоггүй “газрын ховор элемент” нь нэгээс нөгөөг нь салгаж баяжуулахад хэцүү, өндөр технологи шаарддаг байгалийн баялаг юм. Газрын ховор элементийн баяжуулалтаараа өдгөө манай урд хөрш БНХАУ дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ Хятад улс тэргүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой.
“Газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байна. Товчхондоо, “газрын ховор элемент” байхгүй бол ухаалаг гар утас, цахилгаан автомашин гээд ухаалаг технологиуд иргэдийн хэрэгцээнд нэвтрэх боломжгүй гэсэн үг. Иймд сүүлийн жилүүдэд “газрын ховор элемент”-ийн эрэлт тогтмол өсөж, үнэ нь ч өндөр болж байна.
Тэгвэл АНУ-ын Геологийн албанаас гаргасан мэдээлэлд Монгол Улсын “газрын ховор элемент”-ийн нөөц 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,77 хувь нь гэж мэдээлжээ.
Иймд автомашин үйлдвэрлэгч Япон, Герман, Солонгос зэрэг орнууд төдийгүй дэлхийн тэрбумтан Элон Макс ч “газрын ховор элемент”-ээр манай улстай хамтарч ажиллая гэж байгаа нь ойрын хугацаанд дэлхийн нийт автомашины 50 хувь нь цахилгаан болж байгаатай холбоотой юм. Улмаар Монгол Улс “газрын ховор элемент”-ийн олборлолт, баяжуулалтдаа зөв менежмент, шударга өрсөлдөөнийг оруулж чадвал “эдийн засгаа томруулах” бүрэн боломжтой нь харагдаж байгаа.
-ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ТӨСЛҮҮД “ЭХ ОРОНЧ” ГЭХ ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ ЭХЭЛЛЭЭ-
Манай улсад Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Халзан бүрэгтэй”, “Ар хүрэн уул”, “Бор толгой”, Говьсүмбэр аймагт байх “Мөнхийн цагаан дөрвөлжин” гээд газрын ховор элементийн зургаан орд бий. Харин дэлхийн тэргүүлэгч компани болоод гадаад улс орнууд “газрын ховор элемент” авъя, хамтарч ажиллаж гэж байгаа ч манай эдгээр ордууд дээр хэрэгжиж байгаа төсөл бараг байхгүй, эхлүүлэх гэсэн ч зарим “эх оронч” нэртэй зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
Тухайлбал, Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан Бүрэгтэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК судалгаа, хайгуулаа үргэлжлүүлэх гэхэд нь зарим иргэд эсэргүүцэж, 66 ажилтныг нь зодож, гэмтээсэн гэх мэдээлэл бий.
Эдгээр иргэд Халзан бүрэгтэй төсөл хэрэгжвэл Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Буянт, Чандмань сум цаашлаад Завхан, Увс аймагт биологийн төрөл зүйлийн мөхөл болно” хэмээж байгаа нь тэдэнд урантай адил худал мэдээллийг хэн нэгэн тарааж байж болзошгүй гэж эх сурвалжууд өгүүлж буй. Мөн “Тесла” газрын ховор элементийг хиймлээр гаргахаар туршиж эхэлсэн тул бид яаравчлах хэрэгтэй гэдгийг ч судлаачид мэдэгдэх болсон.