Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр /2024.12.02/ хуралдаж байна. Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд аудит дүгнэлт хийсэн бөгөөд нийслэлийн төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловрсуулан НИТХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар хэлэлцүүлж байна. Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байгаа, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8, хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон. Нийслэлийн төсвийн төслийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас цахим хуудаст байршуулж, цахим хуудсаар дамжуулан 4 дүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд иргэдийн саналыг авсан. Мөн есөн дүүргийн иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 147.135 санал ирүүлснийг эрэмбэлэн төсвийн төсөлд тусгасан" гэв.
Мөн тэрбээр "Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өнгөрсөн оноос 648 тэрбум төгрөг буюу 20 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 30 хувиар өссөн дүнтэй байна. Энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210 тэрбум, Хувь хүний орлогын албан татвар 251 тэрбум төгрөг, Хөрөнгийн албан татварыг 107 тэрбум, Татварын бус орлогыг 351 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь голлон нөлөөлж байна.
Нийслэлийн төсвийн орлого 85 хувь буюу 3.3 их наяд төгрөг нь татварын орлого, үлдсэн 14.1 хувь буюу 541 тэрбум төгрөг нь татварын бус орлогоор төвлөрүүлнэ.
Мөн нийт 1.3 их наяд төгрөгийг урсгалд зардалд, 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 78 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 327 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 14 тэрбумыг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт зориулна. 2025 оны төсвийн хөрөнгөөр 4.6 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 их наяд, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 153.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24 тэрбум төгрөг, нийт 1.7 их наяд төгрөгөөр шинэ 97 төсөл арга хэмжээ, шилжих 68 төсөл, дамжин санхүүжих 2.9 их наяд төгрөгийн 263 төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.