СУРВАЛЖИЛГА: “Ариг-Аня” ресторанаар 650 гаруй цагдаагийн алба хаагч үнэ төлбөргүй үйлчлүүлжээ

СУРВАЛЖИЛГА: “Ариг-Аня” ресторанаар 650 гаруй цагдаагийн алба хаагч үнэ төлбөргүй үйлчлүүлжээ

Их хотын нэгэн амралтын өдөр. Ариг-Аня ресторан. Энд улс орон, уугуул иргэдийнхээ  төлөө зүтгэж буй цагдаагийн албан хаагчид цөөнгүй үйлчлүүлж харагдана. Учир нь Ариг-Аня ресторан нийгмийн хариуцлагын хүрээнд амралтын хоёр өдөр цагдаагийн албан хаагчдад бүх төрлийн раменээр үнэ төлбөргүй үйлчилжээ.

“Бид байгууллагаа сурталчлах зорилгоор ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм биш ээ. Харин нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ард иргэдийнхээ төлөө зүтгэж буй цагдаагийн албан хаагчдад бага ч гэсэн тус болъё гэж бодож ийм шийдвэр гаргасан” гэж тэд хэлж байлаа.

Бид “Ариг-Аня” рестораны Сөүлийн гудамж дахь салбарт очин Үйл ажиллагааны менежер Л.Мөнх-Эрдэнэтэй уулзаж ярилцсан юм.

Ариг-Аня” рестораны менежер Л.Мөнх-Эрдэнэ

ЭНЭ БОЛ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР БАЙГУУЛЛАГАА РЕКЛАМДСАН
ҮЙЛ АЖИЛЛАГАА БИШ ЭЭ. ХАРИН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА
УХАМСАРЛАЖ БУЙ, БИЕЛҮҮЛЖ БУЙ ХЭРЭГ ЮМ

-Нийгмийн хариуцлагын үүднээс цагдаагийн албан хаагчдад хоёр өдөр үнэ төлбөргүй үйлчилж байгаа гэсэн. Хоёр өдрийн хугацаанд хэчнээн албан хаагчид үйлчлүүлэв?

-Манай байгууллага ямар нэгэн байдлаар өөрсдийгөө рекламдах гэж ийм шийдвэр гаргаагүй ээ. Харин зуун хувь нийгмийн хариуцлагаа ухамсарлан, онцгой үед ард иргэд, биднийхээ төлөө ажиллаж буй цагдаагийн албан хаагчдад бага ч гэсэн тус хүргэе гэж ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Хоёр өдрийн турш нийтдээ 650 гаруй цагдаагийн албан хаагчдад  халуун раменээр үйлчилсэн байна.

-Үйлчлүүлж буй цагдаагийн албан хаагчид хэрхэн хүлээн авч байна?

-Мэдээж маш их талархсан сэтгэгдэл бидэнд хэлж байгаа. Цагдаагийн албан хаагчдаас гадна манай байнгын үйлчлүүлэгчид бидэнд ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаад талархаж байгаа. Ямар ч бизнесийн байгууллага үйлчлүүлэгчгүйгээр оршин тогтнохгүй шүү дээ. Бид үйлчлүүлэгчдийнхээ ачаар өдий зэрэгтэй яваа. Тиймээс тэр хэмжээгээрээ  нийгэмдээ эерэг үйл ажиллагааг явуулах хэрэгтэй гэсэн хандлагаар ажилладаг. Энэ бол зөвхөн манай компаний үйл ажиллагаа гэхээс илүү үйлчлүүлэгчдийн маань сэтгэл, хувь нэмэр орсон ажил.

-Цагдаагийн албан хаагчид дуртай хоолоо сонгон үйлчлүүлэх боломжтой гэсэн үг үү?

-Манайх үндсэн хоол болох рамений зургаан төрлийн шөлөөр үйлчилдэг. Цагдаа нар ханиад томууны улиралд, гадаа олон цагаар ажилладаг учир халуун раменээр үйлчилбэл илүү биед нь ач тустай гэж бодсон юм. Манай зургаан төрлийн раменээс дуртайгаа сонгоод үйлчлүүлж байгаа.

“ДУРТАЙ ХООЛОО СОНГООД ИДЭЭРЭЙ ГЭЭД ХАЛУУН
ДУЛААН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭНД БАЯРЛАЛАА”

Биднийг ийн ярилцах зуур цагдаагийн хэд, хэдэн албан хаагч орж ирсэн юм. Тэдний нэг болох Нийслэлийн Шүүх шинжилгээний албаны зам тээврийн осол хариуцсан тасгийн шинжээч, ахмад Т.Эрдэнэбаатар “Цагдаагийн алба хаагчид бидэнд үүрэгт ажлаа биелүүлэхэд чин сэтгэлээсээ тусалж буй тус байгууллагын хамт олонд талархаж байна. Ялангуяа ханиад томууны үеэр гадаа олон цагаар ажиллаж буй алба хаагчид их талархан хүлээн авч байгаа. Манай алба хаагчид жижүүртэй учраас ээлжлээд ирж үйлчлүүлж байна. Дуртай хоолоо сонгоод идээрэй гээд халуун дулаан үйлчилгээ үзүүлсэнд баярлалаа” гэсэн юм.

“Яасан харанхуй юм бэ гэж зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг. Биднийг анх холбогдоход олон нийтэд “рекламдсан” гэж буруу ойлголт төрүүлэх вий гэж хэлж байсан юм. Гэвч тэд өөрсдийгөө сурталчлах гэсэнгүй. Харин “нийгмийн хариуцлага” гэх энэ хоёр үгийг үйлдэл болгон нийгэмд лаа асаан, олон нийтэд, бас бусад байгууллагуудад эерэг үлгэр дууриал үзүүлэхийг зорьжээ. Эерэг уур амьсгал, эерэг хандлага “үнэртүүлсэн” нэгэн байгууллагын төлөөлөлтэй ийн ярилцлаа.