Арав гаруй хоногийн өмнө буюу 2024.11.18-ны өдөр “Эх нялхасын баруун талд 347 м.кв нийслэлийн захирамжтай газрын эрх шилжүүлнэ” гэх зар цахим орчинд тавигдсан байна. Зарын дагуу холбогдоход “Оффис, үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой. Нийслэлийн захирамжтай, эзэмших эрхтэй, 350 сая төгрөгөөр зарна” гэсэн юм.
-М.ЭНХБОЛДЫН ОЛГОСОН ГАЗРЫГ 350 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХААР ЗАР ТАВЬЖЭЭ-
Тус газрын эзэмшлийг эрэн сурвалжлахад газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаар Ц.Түвшинбаяр гэх хүн бүртгэлтэй байлаа. Хамгийн ноцтой нь, ЭХЭМҮТ-ийн газраас 1050 метр квадратыг Миеэгомбын Энхболд хотын дарга байхдаа 2004 оны зургаадугаар сарын 14-ний өдөр 290 тоот захирамжаар Ц.Түвшинбаяр гэх иргэнд өгсөн байна.
Тухайн үед Ц.Түвшинбаяр хуулийн олон заалтыг ноцтой зөрчиж захирамж гаргуулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
Харин өдгөө 350 сая төгрөгөөр зарагдах гэж буй 347 м.кв газрын ашиглалтын төрөл нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэсэн заалттай. Гэвч Ц.Түвшинбаяр мөн л дээрх заалтыг зөрчиж, оффис үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэж “том дуугарч” сууна.
-МАНААЧИЙН БАЙРЫГ НЬ БУУЛГАЖ ЦАЙНЫ ГАЗРЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ ЭХЭЛЖЭЭ-
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол үйлчилгээний цар хүрээгээр том газар. Энд нарийн мэргэжлийн 37 тасаг, эх хүүхдийг хэвтүүлж эмчлэх 700 шахам ортой. Жилд ойролцоогоор 40 мянган хүн үйлчлүүлдэг гэж тооцохоор одоохондоо үүнээс илүү гарах хэмжээний эх хүүхдийн зориулалттай эмнэлэг Монголд байхгүй. Цаашдаа тус төв улам тэлж өргөжих хэтийн төлөвтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэтэл эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газрыг энэ мэтээр худалдсаар, тус төвөөр үйлчлүүлэх иргэд автомашинаа тавих газар ч үгүй болоод буй.
Хамгийн сүүлд, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 2023 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд аудит хийхэд газартай холбоотой хэд хэдэн ноцтой зөрчил мөн илэрчээ.
Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн бүртгэлтэй манаачийн байрыг буулгаж, төрийн өмчийн зориулалтыг нь өөрчлөн хувь хүнд цайны газрын зориулалтаар 2008 оноос хойш ашиглуулж байсан нь илэрчээ. Үүгээр зогсохгүй уг манаачийн байрыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэргүйгээр буулгасан байх бөгөөд түрээсийн төлбөр нь ЭХЭМҮТ-ийн дансанд ороогүй байжээ. Үүнээс гадна өөр нэг манаачийн байрыг иргэнд хүнсний дэлгүүрийн зориулалтаар, түрээсийн гэрээ хийлгүй, түрээс авалгүй ашиглуулж байгаа нь илэрчээ.
Аудитын дүгнэлтээр өөр нэг ноцтой баримт илэрсэн нь ЭХЭМҮТ-ийн газрын кадастр нь “Гурван гал” хувийн эмнэлгийн үүдний хэсгийн газартай давхацсан, тус хувийн эмнэлгийн автомашины зогсоол нь ЭХЭМҮТ-ийн газарт байрлаж байгаа бөгөөд түрээс төлдөггүй нь газраа алдах эрсдэлт нөхцөлд оруулаад байна гэжээ.