СУРВАЛЖИЛГА: Өдөрт мянга гаруй зорчигч, 300 гаруй тээврийн хэрэгсэл хот руу нэвтэрч байна

СУРВАЛЖИЛГА: Өдөрт мянга гаруй зорчигч, 300 гаруй тээврийн хэрэгсэл хот руу нэвтэрч байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс сар шинийн өдрүүдэд хотоос гарах болон, хот руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ.

Халдварын тархалт хэд хэдэн оронд эрчимжсэн тул Улсын онцгой комисс хуралдан улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг  түр зогсоох хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор хулгайн замаар зорчих иргэд болон, тусгай зөвшөөрлийн бичиггүй иргэд шалган нэвтрүүлэх товчоон дээр ирж, нэвтрэхийг оролдож байна гэсэн мэдээлэл цөөнгүй гарсан. Иймээс замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарснаас хойш, нөхцөл байдал хэр байгааг бид сурвалжлахаар 22-ын товчоог зорьсон юм.

ХУУРАМЧ БИЧИГ ҮЗҮҮЛЭН НЭВТРЭХИЙГ ОРОЛДСОН
ХЭД ХЭДЭН ИРГЭН БАЙСАН

Биднийг очиход буяны ажлаар хотоос гарах гэсэн нэг иргэн байсан бол хот руу  эмнэлгийн тусламж авах зорилгоор нэвтрэх гэсэн хэд хэдэн иргэн байсан юм. Тус шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Х.Бунд-Очир:

“Миний бие хөл хорио тогтоосноос хойш ажиллаж байна. Энд шалган нэвтрүүлэх хүмүүсийн бичиг баримтыг үзэн хяналт тавих, халууныг нь хэмжих гэх мэт үйл ажиллагааг хийх зорилгоор эрүүл мэндийн шат шатны байгууллага ажиллаж байгаа. Хөл хорионы хугацааг сунгаснаас хойш маш олон иргэн хот руу нэвтрэхийг оролдсон. Бас шаардагдах албаны бичиггүй хүмүүс асуудал үүсгэх тохиолдлууд ч гарч байна. Тамга тэмдэггүй, эмнэлгийн маягт дээр өөрсдөө зохион хуурамч бичиг үзүүлэн нэвтрэхийг оролдсон хэд хэдэн иргэн байсан. Жирэмсэн, төрөх дөхсөн арав гаруй иргэн зөвшөөрөлтэйгөөр нэвтэрсэн. Харин зайлшгүй шаардлагатай бус иргэдийг буцаан явуулж байгаа. Иргэдийн хувьд шаардлагатай бичиг баримтыг тухайн аймаг орон нутгийнхаа эмнэлгийн байгууллагаас авах ёстой. Өвчтөний шалтгаан үнэн эсэхийг шалган нэвтрүүлэх цэг дээр ажиллаж буй эмнэлгийн албан хаагчид шалгаж оруулж байгаа.” гэлээ.

ӨДӨРТ ДУНДЖААР МЯНГА ГАРУЙ ЗОРЧИГЧ, 300 ГАРУЙ ТЭЭВРИЙН
ХЭРЭГСЭЛ ХОТ РУУ НЭВТЭРЧ БАЙНА

22-ын товчоон дээр хяналт тавьж ажиллаж буй Сонгино-хайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч Г.Далайжаргал:

Хоёрдугаар сарын 27-ны өглөө хорио цээрийн дэглэм цуцлагдана  гэж ойлгосон нэлээн иргэн шалган нэвтрүүлэх цэгт ирж, дараалал үүсгэсэн асуудал гарсан. Харин одоо бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон холбогдох байгууллагуудаас мэдээллээ авсан учир харьцангуй намжсан байдалтай байна. Гэхдээ Улаанбаатар хотоос хөдөө явж “хадаг тавина”, айлд очиж золгоё гэх мэт байдлаар гарах гэсэн иргэд байсан. Хорио цээр тогтоож, автомашины хөдөлгөөнийг хориглосноос хойш өдөрт дунджаар мянга гаруй зорчигч, 300 гаруй тээврийн хэрэгсэл хот руу нэвтэрч байна. Эдгээр иргэний дийлэнх нь буяны ажил, эрүүл мэндийн асуудлаар, яаралтай тусламж авах шаардлагатай, илэрхий байдлаар гэмтэж бэртсэн хүмүүс байгаа юм. Мөн хулгайн замаар зорчихыг оролдож буй иргэд байна. Хүй долоон худгийн нүхэн гарцан дээр сануулга бүхий самбарыг байршуулсан ч өглөө нь байхгүй болчихсон байх жишээтэй. Иймээс иргэдийг хулгайн замаар зорчин өөрийгөө болон бусдыг аюулд  оруулахгүй байхыг анхааруулж байна.

ХОТООС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНӨӨС ИЛҮҮ ОРОХ
ХӨДӨЛГӨӨН ИХ БАЙЛАА

Бид цаашлаад шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй цагдаагийн албан хаагчид болон эмнэлэг, мэргэжлийн хяналтын ажилчдад туслах зорилгоор халуун аарц, идэх зүйлсээр тусалж буй сайн дурын байгууллага болох “Lexuis Rx Harrier ижил автомашин сонирхогчдын групп”-ийн гишүүдтэй таарсан юм. Тус группийн үүсгэн байгуулагч Э.Мөнхбат:

“Бид өөрсдийн санаачлагаар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчид болон энд ирсэн иргэдэд халуун аарц, цай, хүнсний бүтээгдэхүүний зүйлээр тусалж байгаа юм. Эндээс дараагийн шалган нэвтрүүлэх цэгрүү хөдлөх гэж байна. Бид ирээд 30-40 минут болж байна. Энэ хугацаанд таваас зургаан автомашин нэвтрэхээр ирсэн. Энэ хугацаанд хотоос гарах хөдөлгөөнөөс илүү орох хөдөлгөөн их байлаа” гэсэн юм.

22-ны товчоон дээр байдал ийм байлаа. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хотоос гарах болон орох автомашины хөдөлгөөнийг зогсоох шийдвэр сунгагдсаныг мэдээгүй иргэд 27-ны өдөр шалган нэвтрүүлэх цэгүүдэд ирж, дараалал үүсгэж байсан ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон холбогдох байгууллагуудаас мэдээллээ авч энэ байдал харьцангуй намжжээ.