Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ой тохиож, өчигдөр /2024.11.21/ Төрийн ордонд баяраа тэмдэглэлээ. Уг ойн баярын арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан ч сэтгэл дундуур үлдсэн олон эмэгтэй байна.
100 жилийн ойн баярын арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэг, 365 сумаас төлөөлөл ирж оролцжээ. Ингэхдээ хүн нэг бүр 200 мянган төгрөгийн хураамж төлсөн байна. Гэтэл тэдний зарим нь баярын хуралд оролцож чадаагүй заалны гадна үлдсэн аж. Тус хуралд оролцсон нэгэн эмэгтэй хэлэхдээ "Сайхан арга хэмжээ гэж төсөөлөн өндөр сэтгэгдэлтэй, хувийн бэлтгэлээ хангаад ирсэн. Сэтгэл дундуур буцаж байгаадаа харамсаж байна. Хуралд ч сууж чадалгүй заалны гадна үлдсэн. 200 мянган төгрөгийн хураамж авсан атлаа ганц удаа ч хоол өгөлгүй өдөржин хоосон байлгасан. Хоолгүй байсныг өнгөрөөж болох ч шагнал өгөхдөө үнэхээр доромжилсон. 500 хүний суудалтай Төрийн ордонд 1000 гаруй эмэгтэйг цуглуулсан. Суудал олдохгүй, коридороор бухимдсан эмэгтэйчүүд маш их байлаа. Коридорт цөөн хэдэн ус, десерт байсан харагдсан. Өглөө шууд ирсэн хүмүүс цангах, бухимдах байдал ажиглагдсан. Тэгэж их мөнгө авчхаад гоё хөтлөгч авчихгүй дээ гэх бодол төрсөн. Маш гоё эрч хүчтэй дуучид авчраад дуулуулах хангалттай мөнгө цугларсан байх, бас л байхгүй. 40 гаруй эмэгтэйг төрийн шагналаар шагнагдсан гээд Ерөнхийлөгчийн зөвлөх Хүрэлбаатар гуайг шагнал авах эмэгтэйчүүдтэй Төрийн ордны тайзан дээр дуудлаа. Харамсалтай нь хэдхэн минутын дараа "Уучлаарай манай дэд дарга машиндаа орхичихсон байна" гэж хэлээд ангайлгаж орхив. Үнэхээр харамсалтай, хаа холоос ирсэн тэр олон эмэгтэйчүүдийг үл хүндэтгэсэн муухай үйл явдал боллоо. Ахмад төлөөлөгчиддөө хүндэтгэл үзүүлж домбо хадгаар бэлэг барилаа. Бас л хайрцаг савыг нь өгөхгүй, сугандаа хавчуулаад гарах эмэгтэйчүүдийг хараад уур хүрэв. Пагмадулам гуайн кино бол үнэхээр ойлгомжгүй, сунжирсан мөнгөний гарц л санагдсан. Монголын эмэгтэйчүүдийн холбоог сэтгэл зүрхтэй зөв хүн л чиглүүлэх ёстой юм байна" гэлээ.
Тус холбоо нь 100 жилийн түүхтэй ч сүүлийн жилүүдэд гомдол, санал тасрахгүй эмэгтэйчүүдийн бухимдлыг төрүүлсэн "хэл ам" ихтэй байгаа юм.