Сөүл мед, ХСҮТ нь 25 настай залуугийн хавдаргүй ходоодыг “хавдартай” гэж оношилж, 100 хувь авсан гэх хэргийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

Сөүл мед, ХСҮТ нь 25 настай залуугийн хавдаргүй ходоодыг “хавдартай” гэж оношилж, 100 хувь авсан гэх хэргийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх, “Амьд явах, Эрүүл мэндээ хамгаалуулах, Эмнэлгийн тусламж авах” эрх бүрэн хангагдаж чадахгүй байгаа гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй. Учир нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар болон эмнэлгийн байгууллагын зарим ажилтны санамсаргүй буруутай үйлдлээс болж зарим иргэд эрүүл мэндээрээ хохирсон байж магадгүй тохиолдол сонсогдох болсон. 

Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчийн буруу оношилгоо эмчилгээ, цахилгааны саатлын улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ЦЕГ-ЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБА ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл өнгөрөгч 2025 оны дунд хугацаанд 20 гаруйхан настай нэгэн залуугийн ходоодыг "хорт хавдартай" хэмээн магадгүй буруу оношилж, 100 хувь тайрч авсан хэрэг явдал гарсан байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох төрийн байгууллагад гомдол ирснээр энэхүү явдал нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байх тул "Зөрчил шалгах шийдвэрлэх тухай" хуулийн 6.4 дүгээр зүйлийг 2 дахь хэсэгт заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлж хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлжээ. 

Учир нь мэргэжлийн байгууллагуудын хариуцлагагүй үйлдлийн улмаас тус иргэний, “амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах” Үндсэн хуулар олгогдсон баталгаатай эдлэх эрх нь зөрчигдөж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан Эрүүгийн тухай хуульд хамаарах ноцтой хэрэг явдал гарсан байж болзошгүй байгаа юм. Иймд бид "сайтар нягталж байх"-ыг сэрэмжлүүлэх үүднээс тус хэрэг явдлын талаарх мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна.

-ДАВТАН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАТАЛГААЖУУЛАХГҮЙ ШУУД ХАГАЛГААНД ОРУУЛЖЭЭ-

25 настай иргэн А нь 2025 оны зун хувийн “Сөүл” эмнэлэгт тарифын төлбөрийг нь төлж ходоодны дуран хийлгэн тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлсэн байна. Тус эмнэлэг нь иргэн А-аас шинжилгээ авч Сөүл мед эмнэлэгт явуулсан бөгөөд хариу нь “Хорт хавдарт сэжиглэж байна” гэж гарчээ. Гэтэл иргэн А-г “давтан шинжилгээ өгч баталгаажуулах шаардлагатай” гэж зөвлөлгүйгээр “Эцсийн хариу нь хортой хавдар яаралтай Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орох шаардлагатай” гээд тус төв рүү шилжүүлсэн байгаа юм.

Харин Хавдар судлалын үндэсний төв ч шинжилгээг магадгүй дахин авч баталгаажуулалгүй хувийн “Сөүл мед” эмнэлгийн хариунд үндэслэн эмч нарын хоёр удаагийн зөвлөгөөн хийсний дараа буюу 2025 оны есдүгээр сард иргэн А-г хагалгаанд оруулж, ходоодыг 100 хувь тайрч авсан байна.

Гэвч хагалгаагаар авсан эдийн шинжилгээний хариу нь хагалгааны өмнөх эдийн хариутай зөрж “хавдаргүй” гэсэн онош гарсан байна. Хавдар судлалын үндэсний төв нь найман хүний бүрэлдэхүүнтэйгээр уг мэс заслыг хийсэн бөгөөд ахлахаар нэр бүхий зөвлөх эмч ажиллажээ. Иймд хоёр эмнэлгийн байгууллагын буруутай байж болзошгүй үйл ажиллагааны улмаас иргэн А-ийн амьдралын чанар, биед насан туршийн хохирол учирсан байж болзошгүй байна. 

Уг хэрэг, явдлын талаар бид эргэн мэдээлэх болно. Сануулахад,  бид энэхүү мэдээллийг иргэдийг сайтар нягталж байхыг сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэсэн бөгөөд олон хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө 24 цаг тасралтгүй ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын нийт алба хаагчдын ажлыг үгүйсгээгүй болно.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө