ЭМЯ-нд 20 сая төгрөгийн хандив өгсөн Д.Доржпүрэв нь авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байжээ

ЭМЯ-нд 20 сая төгрөгийн хандив өгсөн Д.Доржпүрэв нь авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байжээ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн багийнханыг хувцас хэрэглэлээр хангахад 20 сая төгрөгийн хандивыг ЭМЯ-нд өгсөн иргэн Д.Доржпүрэв нь өмнө нь мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж хэрэг нь саяхан хаагдсан байна. 

Тэрбээр Эрчим хүчний дэд сайд болон Төв аймгийн Засаг даргаар ажиллаж, УИХ-д хэд, хэдэн удаа нэр дэвшсэн байна. 

Түүнийг хууль сахиулах байгууллагынхан 2016 оны намраас шалгаж, цагдан хорьж байжээ. 

Д.Доржпүрэвийг Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын хөрөнгө 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Д.Доржпүрэв эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан. 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан гэдэг.

Дээд шатных нь прокурор Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, сэргээх, эсэхийг удахгүй шийдэх сурагтай.

Уг нь шалгалтын явцад “Чингис” бондын 35 сая ам.долларын хөрөнгөөс “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансанд 3.5 сая нь ороогүй нь ч батлагдсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх хэд хэдэн хөрөнгө, барилгын материалыг нь тухайн үед битүүмжилж байжээ.