Улсын аварга С.Мөнхбат УОК-т 20 сая төгрөгийн хандив өгөв

Улсын аварга С.Мөнхбат УОК-т 20 сая төгрөгийн хандив өгөв

Монгол улсын аварга С.Мөнхбат Улсын онцгой комисст  20 сая төгрөгийн хандив өглөө.

Тэрбээр "Би өөрөө Монгол Улсын 20 дахь аварга, тиймээс үүнийг бэлгэдэн 20 сая төгрөг хандивлалаа. Төрийн аварга гэдгийг нийгмийн хариуцлагатай том цол гэж боддог. Хүнд цаг үед бид нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ дэлхийд харуулж байгаад баяртай байна.

Манай төрийн тэргүүн өчигдөр БНХАУ-д айлчлаад ирсэн. Тэнд байгаа цус нэгт өвөрмонголчууд маань аав нь ирээд буцсан мэт маш их баярлаж байх шиг байсан. Тэр бүгдийг хараад сэтгэлийн дэм, хандив өргөх ёстой юм байна гэж бодсон. Төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг даган биелүүлж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлье" гэсэн юм. 

Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд  улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж, хүн хүч, хөрөнгө санхүү зарж буй энэ үед сэтгэлийн болоод мөнгөн тусламж үзүүлсээр байна.