Зээлийн эргэн төлөлтийг “царцаахыг” шаардлаа

Зээлийн эргэн төлөлтийг “царцаахыг” шаардлаа

Өнөөдөр/2020.02.28/ Зээлдэгчдийн холбооноос банк, санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлт, болон зээлийн хүүг царцааж, зогсоох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж Төрийн ордны гадна цуглалаа.

Тус холбооны тэргүүн н.Бүүвэйбаатар “Давагдашгүй хүчин зүйл коронавирусийн эрсдлээс үүдэн зээлдэгч, ЖДҮ-лэгчид хохирч байна. Сургууль цэцэрлэгийн цайны газраас авахуулаад түрээсийн бүхий л байгууллагууд хэцүү байдалд байна. Урд хил дээр бизнес хийдэг, нүүрс зөөдөг, лангуу түрээслэгчид гээд бүгд хүнд байдалд орлоо. Зээл төлөх боломжгүй болоход хамтран зээлдэгчийн данснаас мөнгө татаж эхэллээ.

Засгийн газраас коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээг эсэргүүцээгүй харин ч дэмжиж байна.  Гэхдээ зээлдэгчдийн түрээсийн төлбөрийг чөлөөлөх хэрэгтэй байна”  гэлээ.

Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх юм. Зээлдэгчдийн холбооноос энэ сарын 19-ны өдөр уг шаардлагыг хүргүүлсэн бөгөөд хариу өгөхгүй бол гуравдугаар сарын 5-ны өдөр жагсахаа мэдэгдлээ.

Тэд бүх зээлийн хүүг царцаах, арилжааны банкиудын зээлийн эрсдлийн санг ашиглахыг шаардаж байгаа юм.