ЭМЯ: Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний айлчлалын багт багтсан хүмүүсийг 14 хоногт тусгаарлаж, ажиглана

ЭМЯ: Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний айлчлалын багт багтсан хүмүүсийг 14 хоногт тусгаарлаж, ажиглана

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "48 улсад "COVID 19" бүртгэгдсэн. Шинэ халдвар нэмж есөн оронд бүртгэгдсэн байна.

БНСУ, Японд өвчлөл нэмэгдсээр байна. Эх үүсвэр тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал болоогүй хүмүүс өвчилсөн байна. Манай улсын хувьд 302 хүнийг ажиглалтад авч, биеийн байдлыг хянаж байна" гэлээ. 

-СОЛОНГОС, ЯПОНД ХАЛДВАР ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА-

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 327 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 78,894 болсон. 

Мөн 3,664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.

COVID-19 халдварын тоо Иранд 248, Италид 650 болж, Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсээс 705 хүн халдварлагдсан. Дани, Истони зэрэг гурван оронд нэмж тохиолдол бүртгэгджээ. 

БНСУ-д 256 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 2,022 болж, 13 хүн нас барсан. 180 тохиолдол нь Дэгү хотод бүртгэгдсэн. 

ДЭМБ-ын ерөнхий захирлын хэлэхдээ "Бид шийдвэрлэх мөчид ирээд байна. Халдвар тархсан орнуудыг хурдан хугацаанд хариу арга хэмжээ авахыг уриалж байна. Дүрэм, журмыг мөрдөж ажиллах ёстой. Энэ бол томуугийн вирус биш, тархалтыг хязгаарлах боломжтой. Улс орнууд манайд тохиолдол бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Ингэвэл том алдаа болно. Вирус бол улс орны хязгаар, яс үндэс, хөгжлийн түвшинийг ялгахгүй. Улс орон бүр вирусийг оруулахгүй байх, орж ирсэн нөхцөлд авах арга хэмжээгээ мэдэж байх ёстой" гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд /ЭМЯ/ Д.Сарангэрэл ДЭМБ-аас улс орнуудын эрүүл мэндийн сайд нартай хийдэг хуралд цахимаар оролцох аж. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хоёр, Налайхад хоёр нийт дөрвөн иргэнийг тусгаарлаж шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй" гэлээ. 

Мөн 124 иргэнийг ажиглалтад оруулсан байна. 

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэр дундаа эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид халуун цэгт цаг наргүй ажилласаар байгаа юм.

Энэ үед тэдний ажилд хүндрэл учруулах хүн байхад тусалж, дэмжиж халуун хоол цайгаар дайлах, зөвлөмжүүдийг айл өрхүүдэд түгээх ажилд тусалж байгаа хүмүүс ч байгаа гэдгийг ЭМЯ-аас онцоллоо. 

-ИРГЭН Д.ДОРЖПҮРЭВ: 20 САЯ ТӨГРӨГ ХУВИАСАА ХАНДИВЛАСАН-

Тухайлбал,  хэрэгсэл авахад зориулж иргэн Д.Доржпүрэв, түүний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлаж ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өгжээ.

Иргэн Д.Доржпүрэв хэлэхдээ "Монголчууд хөнөөлт вирусийн халдвараас хүчээ нэгтгэвэл урьдчилан сэргийлж чадна. Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянган хүн алба хаагч цаг наргүй ажиллаж байна.

Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тэдний аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах шаардлагатай, үүнд чадлынхаа хэрээр дэм болох ёстой гэж бид үзсэн юм. Тиймээс галын шугаманд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, зориулалтын хувцас хэрэглэлээр хангахад зориулж миний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлалаа.

Шаардлагатай бол унаа тэргээр дэм болъё гэдгээ ЭМЯ-ны удирдлагуудад хэлсэн. Хариуцлагатай цаг үед эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр төр засгаас гаргасан шийдвэрээ ягштал мөрдөж, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгахыг уриалж байна" гэлээ.

БНХАУ-д айлчилсан Ерөнхийлөгч Х.Баттулга болон айлчлалын баг бүрэлдэхүүнд албаны хүмүүсийг 14 хоног тусгаарлаж, ажиглана. Заавар, зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа гэдгийг мөн ЭМЯ-аас мэдэгдлээ. 

 ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаасэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ,

“Зочид буудалд нэгэн солонгос иргэн халуурч, ханиалгаж байна гэсэн дуудлагын дагуу ирж ажилласан. Тэр солонгос иргэнийг авч, тусгаарласан. Шинжилгээний хариу гараагүй байгаа” хэмээсэн юм.