"Шувуу" ажиллагаагаар авчирсан Т.Бадамжунайн хэргийг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэрэгт нэгтгэснээр тэдний хэрэг прокурор дээр гацлаа

"Шувуу" ажиллагаагаар авчирсан Т.Бадамжунайн хэргийг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэрэгт нэгтгэснээр тэдний хэрэг прокурор дээр гацлаа

“Шувуу” ажиллагааны хүрээнд одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр /2023.04.05/ Филиппин улсаас Монголд авчирсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайн хэргийг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэрэгт нэгтгэснээр тэдний хэрэг прокурор дээр гацлаа. 

Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар Т.Бадамжунайг Монголд авчирах үеэр /2023.04.05/

Тодруулбал, авлига албан тушаалын гэмт хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн жил /2023.04.05/ тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дарга З.Дашдаваа нар Филиппин улсаас Монголд авчирч, энэ талаар хэвлэлд мэдээлэлд ярилцлага өгч, сүрийг үзүүлж байсан билээ. Үүнийг нь ч олон нийт талархан хүлээн авч, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага ногдуулах ёстой гэдгийг тодотгож байсан юм. 

-ФИЛИППИНЭЭС АВЧИРСАН Т.БАДАМЖУНАЙГ ГУРВАН САР ХОРИОД СУЛЛАВ-

Ийнхүү "Шувуу" ажиллагаагаар эх оронд нь авчирсан Т.Бадамжунайг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх болсон. Улмаар түүнийг гурван сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа 2023 оны долдугаар сарын 05-ны өдөр "Эрүүл мэндийн шалтгаан"-тай хэмээн Хорих 461 дүгээр ангиас суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байдаг.  

Улмаар Нийслэлийн прокурорын газраас 2023 оны есдүгээр сард /2023.09.18/ УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв. 

-Т.БАДАМЖУНАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ ХУРАЛ "ТӨРИЙН НУУЦ" ХЭМЭЭН ХААЛТТАЙ ЯВАГДЛАА-

Т.Бадамжунай шүүх хуралд тэргэнцэртэй ирэв. /2023.11.03/

Ийнхүү шүүхэд шилжсэн Т.Бадамжунайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг "түүнийг цус харваж, зүүн гар, хөл саажилттай болж, эмчилгээ хийлгэж байгаа" зэрэг шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилсны эцэст 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Харин Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр түүний өмгөөлөгч "Төрийн нууц"-тай холбоотой хэрэг яригдана  хэмээн шүүх хурлыг хаалттай явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу тухайн шүүх хурал хаалттай явагдсан байдаг. Улмаар шүүхээс “Хэргийг буруу тусгаарласан”, “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Товчхондоо Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. 

-Т.БАДАМЖУНАЙН ХЭРЭГ "ХЭРЭГ БИШ" БОЛЖ, ЗАМХРАХ УУ-

Гэсэн ч үүнээс хойш Т.Бадамжунайн хэргийн сураг алсарсан байдаг. Албаны эх сурвалжууд "Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэдгийг тодотгохоос өөр мэдээллийг өнөөг хүртэл өгөхгүй, "хав дарах" болсон. Харин олон нийт авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэргийг удаашруулж, хэргийг замхруулах нь хэмээн шударга ёсыг шаардаж буй юм. 

АТГ-ын дарга З.Дашдаваа нар Т.Бадамжунайг Монголд авчирах үеэр /2023.04.05/




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө