Эгийн голын уцс барихтай холбогдуулан хийгдэх байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажлаа эхлүүллээ

Эгийн голын уцс барихтай холбогдуулан хийгдэх байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажлаа эхлүүллээ

 
УИХ-ын гишүүн, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажиллаж байна.
 
Сайд С.Одонтуяа тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Г.Я.Красников болон Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тэргүүтэй төр, шинжлэх ухааны төлөөллүүдтэй энэ сарын 9-ний өдөр (2024.10.09) уулзалт хийж, гацсан асуудлуудаар шийдэлд хүрч чадлаа. Байгал нуур нь дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг бол түүнд цутгаж буй нийт усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг учир усны нөөцийн менежмент, ашиглалт зөвхөн хоёр улсын асуудал биш тул хамтарч шийдэх шаардлагатай болдог. Иймээс Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ын эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцов.
 
Судалгааны ажлуудыг хоёр улсын ШУА хамтран хэрэгжүүлэх нь хилийн усны асуудлаар шинжлэх ухааны шийдлийг ашиглаж буй бодит жишээ болно гэж үзээд байгаль орчны аливаа асуудлыг уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц, нөлөөлөлтэй уялдуулан шийдвэрлэхийн чухлыг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв. Монгол, Оросын төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан уулзалтууд үргэлжилж буй бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гарган батлахаар ажиллаж байна.