Л.Гантөмөр аймаг, дүүрэг, нийслэлийн АН-ын хороод тус бүрд нь 100-300 сая төгрөг буюу нийт 3 тэрбум орчим төгрөгийг "сонгуулийн ажилдаа зарцуулаарай" хэмээн тараажээ

Л.Гантөмөр аймаг, дүүрэг, нийслэлийн АН-ын хороод тус бүрд нь 100-300 сая төгрөг буюу нийт 3 тэрбум орчим төгрөгийг "сонгуулийн ажилдаа зарцуулаарай" хэмээн тараажээ

Аймаг, сум, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа өнөөдөр /2024.10.09/-ийн 24:00 цагаар дуусгавар болж байна. 

Энэ удаагийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгууль өмнөх жилүүдтэй харьцуулбал нэлээдгүй өрсөлдөөнтэй явагдаж байгаа гэхэд болно. Тухайлбал, нийслэлийн АН-ын хорооны зүгээс "Хүүхдэд ээлтэй хот" гэсэн уриаг гаргаж, улмаар "9 дүгээр сарын 01" гэх хуулийг УИХ-аар батлуулах замаар 30 мянган төгрөгтэй тусгай карт гаргаж Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хичээлээс гадуурх сургалтад хамруулах боломжтой гэдгийг мэдэгдсэн. Мөн нийслэлийн АН-ын хорооны нэр дэвшигчдийн зүгээс "бродюр" гэх сэдвээр нийгэмд шүгэл үлээсэн гэхэд болно.

Тэгвэл сүүлийн 30 жил нийслэлийг удирдаж буй МАН-ынхан Улаанбаатар хотыг метротой болгоно, Сэлбэ дэд төв, 1080 айлын орон сууц зэрэг сонгуулийн сурталчилгаа, цаашид хийх ажлаа ярьсан гэхэд болно. 

Харин хамтарсан Засгийн газарт орж, сайдын суудал авсан АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарыг орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж нэг ч үг, үйлдэл хийсэнгүй хэмээн шүүмжилж буй. Учир нь тэднийг хамтарсан Засгийн газарт ороод "амаа үдүүлсэн" хэмээн зарим иргэд хардаж байгаа юм. 

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Х.Нямбаатарыг дэмжиж түүний зарим арга хэмжээ, нээлтэд оролцож нийслэлийн МАН-ын хороог дэмжиж буйгаа илэрхийлсэн.  Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, "Х.Нямбаатар барьж авсан ажлынхаа ард гардаг “шазруун“ зантай учраас би хамтарч ажилладаг" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр аймаг, дүүргийн АН-ын хорооддоо тус бүр 100 сая төгрөг, Т.Батцогт даргатай нийслэлийн АН-ын хороонд 300 сая төгрөгийг орон нутгийн сонгуулийнхаа ажилд зарцуулаарай хэмээн тараасан байна.

Товчхондоо, Л.Гантөмөр 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын АН-ын хороондоо нийтэд 3 тэрбум гаруй төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн үг. 

Харин аймгийн АН-ын хороо нь төв намаасаа авсан 100 сая төгрөгөө хэрхэн сумын намын хорооддоо хуваарилах нь тэдний өөрсдийн мэдэх асуудал хэмээн орхисон аж. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал орон нутгийн сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд бүх аймаг, сумуудыг тойрч яваа аж.

Мөн Л.Гантөмөрийн аймаг, дүүрэг, нийслэлийн АН-ын хороодынхоо сонгуулийн ажилд зориулж мөнгө өгөх үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга орон нутгийн зарим АН-ын гишүүдийг Баянгол зочид буудалдаа хүлээн авч, уулзах үеэрээ "би намын хороодод 100 сая төгрөг өгч байгаа" гэсэн утгатай үгийг хэлж, Л.Гантөмөрийн ажилд багагүй саад болсон гэх яриа ч тус намын гишүүдийн дунд гарчээ. Учир нь Л.Гантөмөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дээрх үйлдлийг мэдэж,  намын хороодод мөнгө өгөх ажлаа ч түр зогсоож, дараа нь үргэлжлүүлсэн байна. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө