Багануурт ЦС баривал “Хятад хороолол босно” гэх суртал ухуулгыг Ч.Мөнхбаяр, Б.Отгон нараар хийлгэж оронд нь Д.Баясгалан “Бөөрөлжүүт” ЦС-аа барьсан байж магадгүй

Багануурт ЦС баривал “Хятад хороолол босно” гэх суртал ухуулгыг Ч.Мөнхбаяр, Б.Отгон нараар хийлгэж оронд нь Д.Баясгалан “Бөөрөлжүүт” ЦС-аа барьсан байж магадгүй

Өнгөрөгч бямба гараг /2024.10.05/-т билгийн тооллын Балжинням, Дашням өдөр тохиож, энэ өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байх “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн “Бодь интернэшнл” группийн эзэн Д.Баясгалангийн барьж буй нийт 600 МВт-ын цахилгаан станцын эхний ээлжийн 150 мВт турбиныг ажиллуулах туршилтын галлагааг хийлээ.

Тодруулбал,  нэг турбины туршилтын галлагаа хийсэн болохоос цахилгаан үйлдвэрлэж эхлээгүй гэсэн үг. Гэтэл туршилтын галлагааны нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Хотын дарга Х.Нямбаатар зэрэг дарга нар сүр бараатай очиж оролцлоо.

-БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРВОЛ “ХЯТАДЫН БАРИЛГЫН ЦЭРГИЙН НЭГЖ ОРЖ ИРНЭ” ГЭХ Ч.МӨНХБАЯРЫН УХУУЛГА СУРТАЛЧИЛГАА-

Угтаа бол Багануурын цахилгаан станц /ЦС/ элдэв эсэргүүцэл, ашиг сонирхолтой нүүр тулалгүй 2015 онд баригдаж эхэлсэн бол хямд үнэтэй эрчим хүчээр төвийн бүс нутгаа бүрэн хангаж, магадгүй Засгийн газраас баталгаа гаргаж нийслэлийн 500 тэрбумын бондын 300 тэрбумыг нь “Бөөрөлжүүт цахилгаан станц” руу хийхгүй байв. Тодруулбал,  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2015 онд “Багануур пауер” компани Багануур цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулж байв. Төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам.доллар. Барих-ашиглах-шилжүүлэх тус концессын гэрээ хэрэгжсэнээр 25 жилийн дараа цахилгаан станцыг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх байв. 

Мөн гэрээний хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр Монгол Улс өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам.долларын гэрээнд манай Засгийн газраас ямар ч баталгаа шаардаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. 5 дахь жилээс хоёр блокийг тус бүр 220 МВт-аар, 6 дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян хатан нөхцөлийг гэрээнд заасан байж. Концессын гэрээг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр нар Багануурт цахилгаан станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, тэнд 5000 хужаа бүхий тосгон үүсэж, оросуудын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацаж байсан талаар Ц.Доржготов гуай Baabar.mn сайтад тодорхой бичиж байв. Нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр ял авсан Ч.Мөнхбаяр нар “Багануурын цахилгаан станц”-ын төслийг эсэргүүцэж жагсаал хийж байжээ

Тодруулбал, гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр шүүхээс ял авсан Ч.Мөнхбаяр, “Багануурын цахилгаан станцын концесст шалгарсан "Багануур Пауэр" компанийн ард Хятадын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" гэх барилгын цэргийн нэгж байгаа” хэмээн эсэргүүцлийн жагсаал, хэвлэлийн хурал хийж байв. Мөн Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн, “зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ” гэж байв. Гэтэл үнэн хэрэгтээ манайд одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын технологи хуучирсан бүх сэлбэгээ оросоос өндөр үнээр авдаг байна.

-Ч.МӨНХБАЯРЫН УХУУЛГЫН ҮГТЭЙ  ИЖИЛ НЭВТРҮҮЛЭГ БА Д.БАЯСГАЛАНГИЙН “БӨӨРӨЛЖҮҮТ”-ИЙН ТӨСӨЛ-

Нөгөөтэй Багануурын цахилгаан станцын төсөл гацсан нь “Бодь интернэшнл” группийн эзэн Д.Баясгалан “Бөөрөлжүүт цахилгаан станц”-аа ашиглалтад оруулж Төвийн бүсийг цахилгаанаар хангахаар төлөвлөсөнтэй холбоотой байж магадгүй байдаг. 

Тодруулбал, 2019 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Бөөрөлжүүт”-ийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын SINOSTEEL компанийн хооронд гэрээ байгуулагдсан. 

Учир нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц болон нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж Төв, Зүүн, Өмнөд бүсийг эрчим хүчээр хангах, дотооддоо дизель түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэнэ хэмээн зорилгоо танилцуулж байв. Харин “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Бодь групп, Голомт банкны эзэн Д.Баясгалан юм.  Мөн “Монголын анхны Хятад хороолол Багануурт босно” гэх нэвтрүүлгийг Д.Баясгалангийн “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Отгон хийж, 2018 онд олон нийтэд хүргэж байжээ. 

ВИДЕО: Eagle TV-ийн Багануурын цахилгаан станцын талаар бэлтгэсэн "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлэг

Хачирхалтай нь тагнуулын хэргээр ял авсан Д.Мөнхбаяр, Eagle телевизийн сэтгүүлч Б.Отгон нарын ярианы өнцөг яг ижил байсан нь Голомт банкны эзэн Д.Баясгалан “Бөөрөлжүүт цахилгаан станцын төслөө хийхийн тулд улсын Багануурын цахилгаан станцын төслийг гацаахад нөлөөлсөн юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Багануур дүүргийн иргэдтэй 2018 онд уулзах үеэрээ “Багануурын цахилгаан станцын концесс бол анхаарал хандуулан ажиллах асуудал. Бид бүхэн судалж байгаа. Багануурчуудын зовнилын талаар мэдээлэл авсан. Шударга ёсны үүднээс хандах болно” гэж мэдэгдэж байв. Сонирхуулахад, Х.Баттулгыг “овоолсон шороо” гэх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түүнийг МУ-ын Ерөнхийлөгч болсны дараа Голомт банкны эзэн Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК оффтейк гэрээ байгуулж, хийж гүйцэтгэсэн байдаг. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө