Засгийн газрын сайд нар нь хурлаа таслан, сонгуульдаж байгаа тул эрх баригч МАН-ын бүлэг "2024 оны Улсын төсөв"-т тав хоногийн завсарлага авчээ

Засгийн газрын сайд нар нь хурлаа таслан, сонгуульдаж байгаа тул эрх баригч МАН-ын бүлэг "2024 оны Улсын төсөв"-т тав хоногийн завсарлага авчээ

УИХ-ын чуулганы хуралдааны ирц үе, үеийн Тамгын газрын, хуралдаан зохион байгуулагчдын, УИХ-ын даргын толгойны өвчин болсоор ирсэн.

-"САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ" ГЭГЧЭЭР ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ 126 ГИШҮҮНТЭЙ БОЛСОН Ч НЭМЭР БОЛСОНГҮЙ-

Хангалттай ирцтэйгээр үр дүнтэй хуралдаж хууль баталдаг болгохын тулд Дэгийн тухай хууль цаашлаад Үндсэн хуульд хүртэл өөрчлөлт оруулж гишүүдийн тоог 126 болгож нэмсэн ч нэмэр болсонгүй. Учир нь, 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг баталсан юм. Тэгвэл энэ нь “сахил хүртээд шал дордов” гэгч болов. Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр анхны 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн. Улмаар энэ парламент анхны ээлжит чуулганы хуралдаанаа эхлүүлээд ердөө тав хонож байна. Энэ тав хоногт улс орны хамгийн чухал асуудал буюу 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч ирц хангалтгүй буюу арайн хийн 50 хувьтай байж, УИХ-ын дарга нь аргаа барахдаа  гишүүдийг хуралдаа суух үүрэгтэйг сануулаад сайд нарыг дуудахыг ЗГХЭГ-т анхааруулсан.

Өнгөрсөн өдрүүдийн чуулганы хуралдаан 67 гишүүн буюу 53 хувийн ирцтэй эхлээд явцын дунд 30 гаруй хүн л асуулт асууж, үг хэлж байв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хуралдаан тасалсан гишүүдийн мэдээллийг Тамгын газраас өдөр бүр хэвлэл мэдээллээр мэдээлэх хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн ажлаар 20 гаруй гишүүн хөдөө орон нутагт ажиллахаар чөлөө хүссэн ч албан ёсоор чөлөө олгоогүй. Чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Гишүүд, сайд нар хариуцлагатай баймаар байна. Долоо хоногт хоёрхон удаа хуралдаж байгаа чуулганд зарим гишүүн цагтаа ирэхгүй байна. Иймд УИХ-ын Тамгын газар хэн хэдэн цагт ирэв гэдгийг тойргийн сонгогчдод нь мэдээлж байх  үүргийг өгч байна” гэсэн юм.

-САЙД НАР УЛСЫН АЖЛАА МАРТТАЛ УЛСТӨРЖИЖ БУЙ УЧИР МАН-ЫН БҮЛЭГ ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР АЖЛЫН ТАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВАВ-

Эцэстээ энэ байдал нь эрх баригч намыг төсөв хэлэлцэх цагаар ажлын тав хоногийн завсарлага авахад хүргэлээ. Ирэх оны төсвийн төсөл болон дагалдаж орж ирсэн бусад хуулиудыг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор баталсан байхыг Төсвийн хуульд заагаад өгсөн. Нийт дөрвөн шатны хэлэлцүүлгийг хийх бөгөөд улсын төсвийг батласны дараа араас нь аймаг, нийслэлийн ИТХ хуралдаж, төсвөө баталдаг. Энэ дагуу ирэх оныхоо нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр баталсан төсвийн дагуу цалин, тэтгэврээ өгч, албан байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа эхэлдэг.

Гэтэл Засгийн газрын сайд нар нь сонгуульдаад алга болчихоор аймаг, орон нутгийн төсвийн хэлэлцэх хугацаанаас ч хумсалсаар байгаа юм.

Улсын ажлаа марттал улс төрждөгийн жишээ энэ. Өнгөрсөн хэд хоногийн чуулганы хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар л Засгийн газраа төлөөлөн оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм. Сайд нарын ирц ийм хангалтгүй байж цаашлаад төсвийн хэлэлцүүлгийг гурилдах гээд байсан учир эрх баригч нам өөрөө ийнхүү төсвөөр тав хоногийн завсарлага авчээ.

Угтаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т  Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдаг Гэтэл биднийг төлөөлж буй иргэд ийм хариуцлагагүй байгаа нь харамсалтай