НАСА эрчим хүч хэмнэх зорилгоор  “Voyager-2”-ийн төхөөрөмжөө унтраажээ

НАСА эрчим хүч хэмнэх зорилгоор “Voyager-2”-ийн төхөөрөмжөө унтраажээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ олон жилийн турш ажиллаж буй “Voyager-2” сансрын хөлгийн эрчим хүчийг хэмнэхийн тулд уг аппаратын дахин нэг судалгааны төхөөрөмжийг унтраасан аж.

Тодруулбал тус агентлагийн мэдээлснээр, цэнэгт атомын урсгалыг хэмжихэд зориулагдсан плазмын төхөөрөмжийг есдүгээр сарын сүүлчээр унтраасан тул сансрын хөлөг 2030-аад он хүртэл аяллаа үргэлжлүүлэх боломжтой болсон байна. “Voyager-1” дээрх плазмын төхөөрөмж аль эрт ажиллахаа больсон бөгөөд 2007 онд унтраасан байна. Одоо “Voyager-2” дээрх үлдсэн дөрвөн багаж хэрэгсэл нь соронзон орон зэргийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулах ажээ. Улмаар хелиосферээс цааших сансар огторгуйг судлах аж. Тэртээ 1977 онд хөөргөсөн “Voyager-2” хөлөг Тэнгэрийн ван, Далай ван гаргийн хажуугаар ниссэн цорын ганц сансрын хөлөг юм. Өдгөө уг аппарат дэлхийгээс 19.31 тэрбум км хол зайд байгаа бол “Voyager-1” 24.14 тэрбум км-ийн зайд аяллаа үргэлжлүүлж байна.