Монголоос татгалзаж Казахстаны иргэн болсон 3115 хүн мөн Монголд суугаа 564 иргэний тэтгэврийг тогтоож, нөхөн олгох ажлыг ЗГ-ууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ

Монголоос татгалзаж Казахстаны иргэн болсон 3115 хүн мөн Монголд суугаа 564 иргэний тэтгэврийг тогтоож, нөхөн олгох ажлыг ЗГ-ууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ

Монголоос Казахстанд, Казахстанаас Монголд очиж иргэншсэн хүмүүсийн тэтгэврийг тогтоож олгох асуудлаар Монгол, Казахстаны Засгийн газар хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөжээ.

-КАЗАХСТАН УЛСАД МОНГОЛ УЛСЫН 8036 ИРГЭН ОРШИН СУУЖ БАЙГААГААС 3115 ИРГЭН АЛБАН ЁСООР АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА -

Тодруулбал, Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар #Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөхөөр 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр доорх албан бичгийг хүргүүлсэн байна.

Монгол Улсын харьяатаас 1994-2018 онд 61.6 мянган казах иргэн гарсан тоон мэдээлэл байдаг аж. Түүнчлэн 2001-2017 онд Монгол Улсын харьяатаас гарч Казахстаны иргэн болсон боловч буцаж Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон 1.7 мянган иргэн байгааг албаныхан мэдээлсэн юм.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар Казахстан Улсад Монгол Улсын 8036 иргэн оршин сууж байгаагаас 3115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатны газрын мэдээллээр Монгол Улсад Казахстаны 564 иргэн оршин сууж байгаа аж. Дээрх хэлэлцээрийн хүрээнд тус иргэдийн тэтгэврийг тогтоох болон олгох, ажилласан /даатгуулсан/ хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг шилжүүлэхээр зорьж буй аж.

-КАЗАХСТАНД 1998 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН /ДААТГУУЛСАН/ ХУГАЦААНД НОГДОХ ХУРИМТЛАЛЫН ТЭТГЭВРИЙГ КАЗАХСТАНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТОГТООЖ, ОЛГОНО-

Хоёр улсын иргэдэд тэтгэвэр тогтоож олгоход дараах зарчмыг баримтлахаар тохиролцжээ.

Үүнд:

  • Монголын талаас тэтгэврийн даатгалын сангаас олгох газрын доор, хөдөлмөрийн халуун, хортой, хүнд нөхцлөөр эрт тогтоохоос бусад өндөр насны тэтгэвэр, Казахстаны талаас өндөр насны тэтгэврийн болон хуримтлалын тэтгэврийн төлбөр гэсэн тэтгэврийн төрлийг хамааруулах
  • Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт 1998 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан /даатгуулсан/ цаг хугацааны хувьд давхцаагүй хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох
  • Казахстанд 1998 оноос хойш ажилласан /Даатгуулсан/ хугацаанд ногдох хуримтлалын тэтгэврийг Казахстаны хууль тогтоомжийн дагуу тогтоож, олгох, Монгол Улсад байнга оршин суухаар гарсан тохиолдолд Монгол Улс дахь тэтгэвэр авагчийн дансанд тэтгэврийг шилжүүлэх
  • Энэхүү хэлэлцээрт хоёр улсын цэргийн алба хаасны тэтгэвэр хамаарахгүй байх

Уг хэлэлцээр батлагдсанаар хоёр улсын иргэд Монгол Улс болон Казахстанд ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэнд Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна гэж Засгийн газраас үзэж байна. Уг хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу талууд хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, Казахстаны талаас Хөдөлмөр, нийгмийн яаманд 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 30-73  тоот ноот бичгээр эцэслэн тохиролцсон хэлэлцээрийн төслийг ирүүлжээ. Мөн Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Гадаад харилцааны яамаар уламжлуулан 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 01/1251 дүгээр албан бичгээр Казахстаны талд эцэслэн тохиролцсон хэлэлцээрийн төслийг хүргүүлснээр талууд хэлэлцээрийн төслийн эх бичвэрийг харилцан солилцсон байна. Хэлэлцээрийн төслийг Засгийн газар 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ аж. Харин Казахстаны Засгийн газар 05 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэн дэмжиж улмаар 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор Казахстаны Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яаманд хэлэлцээрт гарын үсэг зурэх эрхийг олгосон байна.




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө