Toyota компани агаарын такси үйлдвэрлэхэд хөрөнгө оруулахаар болжээ

Toyota компани агаарын такси үйлдвэрлэхэд хөрөнгө оруулахаар болжээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани арилжааны зориулалттай агаарын такси үйлдвэрлэгч “Joby Aviation” компанид нэмэлт хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал хоёр компанийн хамтарсан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан хөдөлгүүрт “Joby” агаарын таксины үйлдвэрлэлийг дэмжихэд “Joby Aviation”-д нэмж 500 сая ам.долларын хөрөнгө оруулна гэж "Toyota"-гийн мэдэгдэлд дурдсан байна. Хөрөнгө оруулсны хариуд “Toyota” компани “Joby Aviation” -ы хувьцааг эзэмших ажээ. “Joby Aviation” эхний  хөрөнгө оруулалтыг энэ оны эцэс гэхэд авах бол хоёр дахь санхүүжилтийг ирэх онд хийнэ. Хоёр компани мөн үйлдвэрлэлийн холбоо байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Японы компаниас “Joby Aviation”-д нийт 894 сая ам.долларын хөрөнгө оруулна. Компаниуд долоон жилийн турш хамтран ажиллаж байгаа аж. "Joby Aviation" нь Дубайн Зам, тээврийн газартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу тус компани цагт 320 км хурдалдаг агаарын таксигаар хоёр жилийн дараа Дубайд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ гэж "Khaleej Times" сонинд энэ оны хоёрдугаар сард мэдээлж байсан юм. Тус компани өмнө нь АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвтэй /НАСА/ хамтран туршилт явуулсан байна. Туршилтын явцад 500 м-ийн өндөрт нисэж буй жижиг тээврийн хэрэгслээс гарах дуу чимээ нь "хүмүүс хоорондоо ярилцах үеийнхээс бага байсан" ажээ.