Тайваньд хүчтэй хар салхи үүссэний улмаас нэг хүн нас барж, хоёр хүн ор сураггүй алга болж, өчигдөр /2024.10.02/ улс даяар онцгой байдал зарлаж, сургууль, цэцэрлэг, оффисуудыг хаасан байна.
Тодруулбал албаныхны мэдээлснээр, далайн хар салхи 17:00 цагийн байдлаар Тайванийн өмнөд бүс нутгаас зүүн хойд зүг рүү чиглэж аажмаар байршлаа сольж байсан бөгөөд Пүрэв гарагийн өглөө Тайваний өмнөд хэсгээр дайрах төлөвтэй байгаа талаар тус улсын цаг уурын агентлагаас сануулсан аж. Уг салхины үеэр нийт 70 хүн гэмтэж бэртсэн гэж эрх баригчид мэдээлснээр засгийн газрууд бүх муж, хотуудын оффис, сургуулиудыг хаахад хүрсэн байна. Тайбэй хотын бизнесийн дүүрэг тус өдөр бараг эзгүй байжээ. Мөн үерийн ус оруулахгүйн тулд байшин, барилгуудын үүдэнд элсний уут овоолж байгаа бөгөөд орон нутгийн цаг уурын албаныхан хар салхи маш удаан шилжиж байгаа тул урт хугацаандаа хохирол учруулж болзошгүй гэж мэдэгдсэн аж.