Японы нисэх буудлын зурваст Дэлхийн II дайны үеийн бөмбөг дэлбэрч том тогоо үүсжээ

Японы нисэх буудлын зурваст Дэлхийн II дайны үеийн бөмбөг дэлбэрч том тогоо үүсжээ

Дэлхийн II дайны үеэс үлдсэн Америкийн бөмбөг өчигдөр /2024.10.02/ дэлбэрсний улмаас Японы нэгэн нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр том тогоо үүссэн байна.

Тодруулбал, Японы баруун өмнөд бүсийн Мияазаки нисэх буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 80 гаруй нислэг цуцлагдсан ч хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг тус улсын Зам тээврийн яам өчигдөр мэдээлээд байсан юм.

Японы өөрийгөө Хамгаалах Зэвсэгт Хүчний мэргэжилтнүүд тус дэлбэрэлтэд АНУ-д үйлдвэрлэсэн 220 кг орчим жинтэй бөмбөг дэлбэрснийг тогтоосон аж.

Тэгвэл газар дор олон жил хадгалагдсан тухайн бөмбөг ямар шалтгаанаар гэнэт дэлбэрэх болсныг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд дэлбэрэлтээс үүссэн тогооны диаметр 7 метр, гүн нэг метр орчим болохыг Японы телевиз мэдээлсэн байна. Мөн засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши нисэх буудлын үйл ажиллагаа Пүрэв гарагийн өглөө хэвийн болох төлөвтэйг зарлажээ. Дашрамд дуулгахад,  Мияазаки нисэх буудал 1943 онд байгуулагдсан бөгөөд Японы Эзэн Хааны тэнгисийн нисэх хүчний сургалтын талбай байсан бөгөөд амиа золиослогч буюу камиказе нисгэгчид тулаанд орохоор хөөрдөг байжээ.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө